Айлын хашаа тулснаас болж авто замын өргөтгөлийн ажил түр зогсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт хийгдэж буй 1.5 км замын өргөтгөлийн ажил айлын хашаа болон “Шунхлай” ШТС тулсантай холбоотойгоор түр зогсоод байна. Монгол, Чех хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу уг замыг 1.8 тэрбум төгрөгөөр өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, хуучин авто замыг нь хоёр тал руугаа өргөтгөж явган хүн болон дугуйн зам шинээр тавьж, ногоон байгууламжийг нь нэмэгдүүлэхээр өнгөрсөн сард ажил нь эхэлсэн. Өргөтгөлийн явцад хоёр айлын хашаа, “Шунхлай” ШТС тулсан тул үүнийг зохицуулж өгөхийг гүйцэтгэгч компани орон нутгаас хүсчээ. Замын ажлыг "Их хаадын цуваа" ХХК гүйцэтгэж байгаа юм.
"Их хаадын цуваа" ХХК замын ажлаа эхлэхээс өмнө буюу тавдугаар сард Орхон аймгийн ГХБХБГ-т хандаж замын өргөтгөлд хүндрэл учруулж болзошгүй объектын зураг болон замын трасст орж магадгүй хоёр айл зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ газраа тэлсэн эсэх, замын ажил хийхэд давхцал үүсэх эсэх талаар дүгнэлт гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн гэнэ. Тухайн үед албан бичгийн хариу нь ирээгүй гэж гүйцэтгэгч компаниас мэдээлж байна. Харин өнөөдөр байдал хүндэрсэн тул гүйцэтгэгч байгууллага хоёр айлыг хашаагаа татахыг хүлээсээр байгаа бол орон нутгийн удирдлагууд "Их хаадын цуваа" ХХК бүх зардлаа өөсрдөө гаргаж айлуудтайгаа учраа ол гэсэн байр суурьтай байна. Энэ нь хоёр тал хамтран ажиллах гэрээний хүрээнд туссан заалт гэдгийг ч орон нутгийн удирдлагууд онцолж байгаа юм.
Дашрамд дурдахад, “Их хаадын цуваа” ХХК 1.5 км замыг концесийн гэрээгээр улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа гээд орон нутгаас ямар ч зөвшөөрөл авалгүйгээр шууд зам хааж газар шорооны ажил эхэлсэн тул орон нутгийн удирдлага болон иргэд ихэд бухимдаж хичээл, сургууль эхэлсэн үед ийм байдал үүсгэсэн “Их хаадын цуваа” ХХК-ийг буруутгаж байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ