Баянзүрх дүүргийнхэн хогоо цэвэрлэж, модоо тарина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-10-11 16:03:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ирэх баасан гарагт буюу энэ сарын 13-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар болжээ.
Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг болох бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн хороод, 28 харьяа хэлтэс, алба, газар болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд хамтран оролцох юм.
Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэнэ. Мөн байгууллагууд гэрлийн шон, барилга байгууламж дээр наасан зарлалын хуудсыг цэвэрлэх, гэрэлтүүлэг бүрэн асч байгаа эсэхийг шалгах ажлыг энэ үеэр хийхээр төлөвлөжээ. 
Мөн 10 дугаар 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Мод тарих үндэсний өдөр”-ийг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулна. Иймд үндэсний мод тарих өдөрт болон бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон нийт ажилтан албан хаагчдыг идэвхтэй оролцохыг дүүргийн Тамгын газраас уриалж байна.

Д.Өлзий
相关新闻