ЭМГЭНЭЛ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЧУЛУУНБАТЫН ЭРДЭНЭ
(1946-2025)
Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал агсан, нэрт сэтгүүлч, орчуулагч, судлаач, бидний дотнын хүн, хамтран зүтгэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Соёлын элч Бэсүд Чулуунбатын Эрдэнэ 2025 оны наймдугаар сарын 27-ны өдөр өвчний учир таалал төгсөж, МОНЦАМЭ агентлаг, Монголын сэтгүүл зүйд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Ч.Эрдэнэ нь 1946 онд Говь-Алтай аймгийн Цогт суманд төрж бага, дунд сургууль төгсөж, улмаар Ташкентын их сургуульд суралцаж, Налайхын уурхайд ажиллаж, 1971 оноос мэдээллийн МОНЦАМЭ агентлагт сурвалжлагч, редактор, тоймч, орчуулагч-редактор, Хариуцлагатай редактор, Утга зохиолын нарийн бичгийн дарга, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, агентлагийн Бээжин дэх сурвалжлагч, “Монгол мессенжер” сонины эрхлэгч, агентлагийн даргын зөвлөх зэрэг хариуцлагатай албыг 40 шахам жил хашсан арвин баялаг намтар түүхтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгүүлч, редактор, орчуулагч, удирдан зохион байгуулагч, сэхээтэн байлаа.
Тэрээр МОНЦАМЭ агентлагт ажиллахдаа улс хоорондын гэрээ, хэлэлцээр, олон улсын хурал, чуулга уулзалт, өндөр дээд хэмжээний айлчлал зэрэг чухал ач холбогдолтой үйл явдлын баримт бичгүүд, өдөр тутмын мэдээ мэдээллийг орос, англи хэлээр орчуулах, редакторлох, гадаад сурталчилгаанд зориулсан материалуудыг хянан боловсруулж, түгээх хариуцлагатай үүргийг олон жил хүлээж ирсэн бөгөөд түүний бэлтгэсэн Монгол Улсыг дэлхий дахинд сурталчилсан мэдээ мэдээлэл нь МОНЦАМЭ агентлагийн албан ёсны мэдээллийн хувьд ТАСС, Синьхуа, Ёнхап, Киодо Цүүшин, Ройтерс зэрэг олон улсын нэр хүндтэй мэдээллийн агентлагуудаар цацагдаж, гадаадын сурвалжлагчдын мэдээллийн үнэн бодит эх сурвалж болдог байсан юм.
Ч.Эрдэнэ нь 1991-1996 онд Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирлаар томилогдон ажиллах хугацаандаа нийгмийн шилжилтийн хүнд үеийг амжилттай даван туулж, агентлагийг орчин үеийн мэдээллийн агентлаг болгож төлөвшүүлж, хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн төдийгүй МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг үндэсний монгол бичгийн “Хүмүүн бичиг”, англи хэлний “Монгол мессенжер” сонинуудыг санаачлан үүсгэн байгуулж байв.
Английн Лийдсийн Их Сургуулийн англи хэлний сургууль, Уэльсийн Их Сургуулийн дэргэдэх Томсоны сангийн сэтгүүл зүйн дээд курс төгссөн тэрээр мэдээллийн агентлагийн мэдээ мэдээлэл бэлтгэх зарчмыг тусгасан “Мэдээний машин” ном бичсэн нь МОНЦАМЭ агентлаг болон Монголын сэтгүүл зүйд мэдээний стандартыг тогтоох гарын авлага болж ирсэн билээ.
Түүнчлэн судалгаа, онолын чиглэлээр “Их гурвалжин”, “Бид ялав”, “Чинад нууцын Монгол орон”, “Үндэсний сэргэн мандлын асуудалд”, “Pax Mongolica”, “Супер нэгдлийн онолын үндэс”, “Principia Mathematica” зэрэг цуврал бүтээлүүд туурвин хэвлүүлж, АНУ, Их Британи тэргүүтэй олон оронд өөрийн дэвшүүлсэн супер нэгдлийн онолын үндэслэлийг тайлбарласан илтгэл тавьснаараа Ч.Эрдэнэ нь Монголын сэргэн мандлын үзлийг сэргээж, монголчуудыг монгол хүн болсноороо бахархах, түүх, соёл, оюуны гайхамшигт өвөө үнэлж цэгнэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үндэсний сэхээтэн, соён гэгээрүүлэгч байлаа.
Ч.Эрдэнийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг, салбарын байгууллагууд өндрөөр үнэлж, 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг хүртээж, Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын Соёлын элчээр томилон ажиллуулсан юм. Мөн "Их Засаг" их сургуулийн “Хүндэт доктор”-оор өргөмжлөгдөж, Ардын хувьсгалын ойн медалиуд, МСНЭ-ийн Ган үзэгтэн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан шагналаар шагнуулж байв.
Тэрээр МОНЦАМЭ агентлагт олон жил үр бүтээлтэй ажилласан тул агентлагийн дээд шагнал “Алтан дүрмийн эзэн”-ээр шагнаж, байгууллагын “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичсэн юм.
Ч.Эрдэнийн эгэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН ХАМТ ОЛОН
АХМАДЫН ХОРОО