Бизнес эрхэлж эхэлж байгаа залууст 10 сая төгрөгийн санхүүжилт олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Швейцарын Хөгжлийн Агентлаг, "GFA Консалтинг" группээс хэрэгжүүлж буй "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл"-ийн хүрээнд гарааны бизнесийг дэмжих зорилгоор Баян-Өлгий аймгийн залуучуудад 10 сая төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо.
Үүнтэй холбогдуулан төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран “Орон нутаг дахь гарааны бизнесийг дэмжих ажлын удирдлага, зохион байгуулалт, хяналт үнэлгээ” сэдэвт 3 өдрийн сургалтыг Өлгий хотод зохион байгууллаа. Сургалтад 13 сумаас 50 гаруй залуу оролцсон байна. Сургалтын явцад залуучуудыг баг болгон хуваан ажиллуулж, шилдэг гарааны бизнесийн төслүүдийг шалгарууллаа. Сонгон шалгаруулалтад эхний 1, 2 дугаар байруудад шалгарсан “Sahar”, “Entrepreneur” багууд тус бүр 10 сая төгрөгийн санхүүжилт авах эрхээр шагнууллаа.
Түүнчлэн 3 дугаар байранд шалгарсан “Sapa” болон “Khazakhnational Аrt” багуудад аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 4 сая төгрөгийн тусламж үзүүлэхээ илэрхийлж батламж гардууллаа.
Уг төсөл нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2012-2015 онд амжилттай хэрэгжсэн Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төслийн хоёр дахь үе шат юм. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү төслийг Германы GFA зөвлөх компани 2016-2018 онд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дархан-Уул аймаг болон нийслэлийн хоёр дүүрэгт хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт зардал 2,4 сая швейцарь франкийг Швейцарийн Засгийн газраас гаргаж байгаа ажээ.
Ө.Нурболат