БАЯН-ӨЛГИЙ: О.Арман гардан тулааны дэлхийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-06-02 14:26:06

Өлгий, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Гардан тулааны “Өөрийгөө хамгаалах” төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, Монголын “Өмгөөлөгч” академийн тамирчин Оханы Арман насанд хүрэгчдийн ангиллын анхны дэлхийн аварга боллоо. 

 

О.Арман өмнө нь гардан тулааны төрлөөр насанд хүрэгчдийн Ази тивийн мөнгөн медаль, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медалиуд, Залуучуудын дэлхийн аваргын алтан медаль хүртсэн амжилтууд гаргажээ.

 

Бүгд Найрамдах Турк Улсын Бурса хотод 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан тэмцээнд 33 улсын 280 тамирчин 29 багц медалийн төлөө гардан тулааны техник ур чадвараа гарган өрсөлдсөн бөгөөд Монголын багийн тамирчид Өөрийгөө хамгаалах төрөлд 3 алт, 4 мөнгө, 2 хүрэл, Тулааны төрөлд 1 мөнгө, 3 хүрэл, нийт 13 медаль хүртэж, улсынхаа далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлжээ.

 

Монголын багийн дасгалжуулагчаар Монголын гардан тулааны холбооны тэргүүн, ДХИС-ийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, олон улсын хэмжээний мастер, дэд хурандаа Х.Оналбек ажилладаг бөгөөд тэрбээр гардан тулааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Өөрийгөө хамгаалах” төрлийн мастерын ангилалд мөнгөн медаль хүртсэн, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, Дэлхийн цомын хошой аварга, “Өөрийгөө хамгаалах” төрлөөр олон шавь бэлтгэн гаргасан шилдэг багш дасгалжуулагч юм.


相关新闻