Ёслол хүндэтгэлийн өргөөнд залуу хосуудын гэрлэх ёслолыг үйлдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-07 17:42:02
Дундговь /МОНЦАМЭ/. Намрын дунд сарын шинийн 17- ны билэгт сайн энэ өдөр монгол орны өнцөг булан бүрт гал голомтоо асаан амьдрал эхэлж буй олон олон хосуудын нэг болж Дундговь аймгийн Сайнцагаан сумын дөрвөн залуу хос аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд хуримын ёслолоо үйлдэв.
Дундговь аймаг ёслол хүндэтгэлийн өргөөтэй болоод зургаан жил гаруй болж байгаа юм. 2014 оноос эхлэн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон шинээр гэрлэж байгаа залуу хосуудын хуримын ёслолыг Ёслол хүндэтгэлийн өргөөнд хийдэг уламжлал тогтоож, гэр бүлийн андгайг нь өргүүлэн, гэрлэлтийн гэрчилгээг хүндэтгэн гардуулдаг болсон юм.

Ёслол хүндэтгэлийн өргөөнд хамгийн анх Цагаандэлгэр сумын 1-р багийн малчин  Б.Сумъяадорж, н.Шүрэнтогос нарын гэрлэх ёслолыг үйлдэж байсан. Энэ удаад Сайнцагаан сумын 7- р багийн иргэн П. Гэрэлт- Эрдэнэ, Ж. Бүжмаа, Б. Бадамханд, н.Түвшинзул, Г.Өнөболд, Х.Энхжин, С. Цэрэнчунт, М. Чулуунцэцэг нарын дөрвөн хос гэрлэлтээ батлуулж, хуримын бөгжөө солилцлоо.
“Тэнгэр заяат өвөг дээдсээс уламжлан ирсэн ариун гал голомтоо дээдлэн жинхэнэ хайр болон бусдын сайн сайхны төлөө ариун үйлсэд хувь нэмэр оруулсан өв тэгш гэр бүл болохоо тэнгэр заяат өвөг дээдэс, үр хойчдоо андгайлж байна” хэмээн залуу хосууд андгай өргөж, энэхүү андгайг нь үүрд хадгалах дурсгал болгон тэдэнд гардуулсан юм.


Гэрлэх ёслол үйлдэж, хуримлахыг бараг мэддэггүй шахам байх үе буюу 1960- аад онд Даринчулуун Хандаа, Бүдээ, Нямбуу нарын залуус  хуримлаж байсныг өдгөө ахмад үеийнхэн дурсдаг. Түүнээс хойш Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо хэд хэдэн залуусын гэрлэх ёслолыг зохион байгуулсан гэдэг. Ингээд 80- аад онд аймгийн Хүүхэд залуучуудын ордонг барихад гэрлэх ёслолын танхимыг байгуулж байсан түүхтэй.
Гэрлэх ёслолын ордонд гэр бүл болсноо албан ёсоор батлуулж, хуримын бөгж солилцон, аз жаргал ерөөлгөн голомт асаадаг залуу хосын гэрлэх ёслол 1980- аад оноос хойш мартагдаад байсан гэхэд хилсдэхгүй.

Харин тэр уламжлалыг сэргээж, голомтоо бадраан, өрх гэр тусгаарлаж буй түүхэн мөчийг нь амьдралынх нь мартагдашгүй сайхан дурсамж болгож үлдээх, гэр бүлийн нандин холбоог батжуулах үүднээс залуу хосын гэрлэх ёслолыг зохион байгуулдаг болсон гэж Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж. Өлзийжаргал хэллээ. Өнгөрсөн оны хувьд сонгуулийн жил байсан учраас өнжиж, энэ намар ийнхүү дахин үргэлжлүүлж байгаа гэв.
Хуримын ёслол залуу хосууд төдийгүй ижий аав, ахан дүүс, анд нөхдийнх нь сэтгэлийг хөдөлгөсөн, аз жаргалын ерөөлөөр бялхсан сайхан үйл явдал болж байгааг хуримын ёслолд оролцогчид илэрхийлсэн. Үүнийг цаашид дэлгэрүүлэх хэрэгтэй гэдэг талаар ч санал бодлоо хэлж байсан юм.

Т. Отгонтуяа
相关新闻