Малын хулгайгаас сэргийлэхийн тулд сонор сэрэмжээ нэгтгэх хэрэгтэйг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-05 21:09:48
Дундговь /МОНЦАМЭ/. Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд мал сүргээ хүний өөрийн гэж ялгалгүй хараа хяналт тавьж, хариулга маллагаатай байлгахыг сануулсан нэгэн уриалгыг Дэрэн суманд болсон “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд малчид, иргэдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөнөөс гаргалаа. Дундговь аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран энэ зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд 2017 онд мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Цагаандэлгэр, Говь- Угтаал, Гурвансайхан, Сайнцагаан сумын ИТХ- ын дарга, хэсгийн төлөөлөгч болон малчдыг оролцуулжээ.

Зөвлөгөөний гол зорилго нь мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд малчид, иргэдийн оролцоо тун чухал байгааг таниулахад чиглэсэн бөгөөд нутаг хонхорын малчид бүлэг, нөхөрлөл үүсгэн хараа хяналтаа чангатгавал гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна, гэмт хэргийн хохирогч болохгүй байх нөхцөл илүүтэй бүрдэнэ гэдгийг ойлгуулжээ.

Малчин өрхүүд аравтын системээр ажиллаж, мал сүрэгтээ хараа хяналт тавин, хууль сахиулах байгууллагатай нягт хамтран ажиллаж байгаа сайн жишээ Эрдэнэдалай, Адаацаг зэрэг цөөн суманд бий бөгөөд энэ хэв маягийг дэлгэрүүлэн хэвшүүлэх шаардлагатай байгааг зөвлөгөөний үеэр ярилцсан байна. Зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан уриалгад, малчид бүлэг нөхөрлөл үүсгэж ажиллахаас гадна хэд хэдэн санааг дэвшүүлжээ.

 Тухайлбал, Мал хамгаалах санг малчдын санал санаачлагаараа байгуулах, айл хүний амь нэг саахалт хүний санаа гэдэг зарчмаар мал сүрэгтээ хүний өөрийн гэлгүй хяналт тавьж, хот айл ахан дүүсээрээ нэгдэн малаа байнгын хариулга маллагаатай байлгах, бод малаа морь тэмээгээр хоньчлон хариулж, хатуу хучилттай төв зам дөхүүлэн бэлчээхгүй байхыг сануулсан байна.
Мөн өөрийн мал сүргийг им тамга, таних тэмдэгтэй болгож, малын зүсийг бүртгэн хөтлөх, айл өрхийн малын им тамгийг бусдад мэдээлж таниулах, малыг бусдын өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд бүртгэлдээ заавал өөрчлөлт оруулж, мал мах бэлтгэхдээ гарал үүслийн гэрчилгээг зайлшгүй авах, үүнд нь сумын захиргаа байнгын хяналт тавих хэрэгтэй гэжээ.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэж үр дүн гарган ажиллаж байгаа сум, баг, айл өрх, иргэдийн туршлагыг түгээж, идэвхитэй ажиллаж байгаа бүлэг нөхөрлөлийг дэмжин урамшуулах, гэмт хэргийн мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй  шуурхай хүргэж, иргэний үүргээ чанд биелүүлэх, өөр хоорондоо ч мэдээллийн сүлжээг бий болгохыг мөн уриалгад тусгажээ.
Дундговь аймгийн бүх сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сум, багийн Засаг дарга, хууль сахиулах байгууллагууд, нийт ард иргэд энэхүү уриалгыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөгөөнд оролцогчид уриалсан байна.

Т. Отгонтуяа
相关新闻