Өүлэн эхийн хөшөө сүндэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 09:44:03

Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан Монголд анх удаа эх хүнд зориулан Өүлэн эхийн хөшөөг сүндэрлүүллээ. Их хатадын өлгий нутаг Дорнод аймагт энэ хөшөөг босгосон нь агуу их хатадын удам Монгол бүсгүйчүүд өнөө цагт ч өмнөх үеийнхнээсээ илүү гайхамшгийг бүтээж чадна гэсэн бэлгэдэл агуулгыг давхар илэрхийлж байгаа юм.

Арваадхан настай Тэмүүжинийг амьд үлдэж хаан хүн болон өсөхөд ч Өүлэн эхийн ухаан, эрдэм, тэмүүлэл л хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тийм ч учраас нууц товчоонд Өүлэнийг зүгээр нэг өнчин хүүхдүүдээ өсгөсөн гэдэггүй, харин мэргэн төрсөн Өүлэн эх үр хүүхдүүдээ хаад сэцэд хутагтан сайд болгон өсгөжээ гэж тодорхой тэмдэглэсэн нь бий. Хөшөө босгох санааг Чингис хааны дүрийг дэлгэцнээ олон арван удаа амилуулсан Ардын жүжигчин А.Энхтайван гаргаж, загвар, илэрхийлэх утга санаа нь бурханч лам Г.Пүрэвбатын оюун ухаанаар бүтжээ. Өүлэн эхийн төрхөм Олхонууд аймаг нь одоогийн Дорнод аймгийн төв, хойд сумдын нутаг бол төрсөн газар нь Баян-Уул сум юм. Цаашид Өүлэн эхийн хөшөөг цогцолбор болгон тохижуулах ажлыг ч үргэлжлүүлнэ.

Б.Туяа

相关新闻