Өвөлд хэрхэн бэлдсэнийг газар дээр нь үзэх ажлын хэсгүүдийг томилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-04 20:18:20
Дундговь /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай аймгийн Засаг даргын албан даалгавар болон ажлын төлөвлөгөөний дагуу сумд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэлээ базааж байгаа. Хэдийгээр сумд өвөлжилтийн бэлтгэлийн явц байдлаа ХХАА- н газарт мэдээлж байгаа ч газар дээр нь нүдээр үзэж шалгах нь зүйтэй хэмээн Засаг дарга ажлын хэсгүүдийг томилон хөдөөгийн сумдад ажиллуулж байна.

Засгийн газрын тогтоолоор Дундговь аймгийн сум бүр аюулгүй нөөцдөө 40 тонн өвс, 30 тонн тэжээл нөөцлөн бэлдэх даалгавартай. Энэ дагуу өвс тэжээлийн нөөцийг хэрхэн бүрдүүлж байгаагаас эхлээд  отор хийх малчин өрх болон малын тоог нарийвчлан гаргаж, гадны аймаг, сум, өөрийн аймгийн бусад сумын нутагт отроор өвөлжих чиглэлийг нь бодитой тогтоох,  тухайн аймаг, сумын удирдлагатай отрын хэлцэл хийсэн байх, сумын төвийн халаалт дулаан, цахилгаан,  усан хангамжийн бэлэн байдлыг хангаж,  барилга байгууламжийн засварыг дуусгасан байх, төсвийн байгууллагуудын түлшний татан авалтыг аравдугаар сараас өмнө хийж, байгууллага бүрийн эрчим хүчний нөөц эх үүсвэрийг хангасан байх зэргээр албан даалгаварт тусгасан бүхий л ажлын хэрэгжилтийг газар дээр нь үзэх юм. Түүнчлэн, болзошгүй гамшгийн үед ажиллах сумын эрүүл мэндийн төвийн бэлэн байдлыг хангах, отроор явах малчид болон малын  сүргийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан байх зэрэг үүргийг сумд хүлээж байгаа ажээ.

 Малчин өрхүүд ч өвөлжилтийн бэлтгэл хангах даалгавартай. Тухайлбал, 4 тонноос доошгүй гар тэжээл бэлтгэж, цаг агаарын аюулт үзэгдлийг  урьдчилан сэрэмжлүүлсэн мэдээг саадгүй хүлээн авах радио, гар утасныхаа бүрэн бүтэн байдлыг хангах,  малын хашаа саравч, уст цэгээ засварлаж, тохижуулах, түлээ түлшээ хангалттай бэлдэж, дулаан хувцас, хоол хүнсээ базаах, цаг агаар хүндэрсэн үед ашиглах нөөц болгож бэлчээр хашиж хамгаалсан байх үүрэг хүлээсэн. Энэ бэлтгэлийг шалгаж ажлын хэсгийнхэн сум бүрийн гурваас доошгүй малчин өрхөөр орох юм байна.
Өвөлжилтийн бэлтгэлийн нэгдсэн дүнг энэ сарын 10 гэхэд аймгийн ХХАА- н газар гаргана.

Т. Отгонтуяа
相关新闻