Политехникийн коллежийн багш оюутнууд "Бид хамтдаа-655" эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн багш оюутнууд "Бид хамтдаа-655" аяныг эхлүүллээ.
А.Түвшинбаяр захиралтай Политехникийн коллежийн багш оюутнууд энэхүү аяныг эхлүүлэн Даланзадгад сумын 8 дугаар багийн иргэн н.Оюунаад хувийн орон сууц барьж өгөхөөр ажиллаж байна. Есдүгээр сарын 25-наас эхэлсэн барилгын ажил одоогоор 70 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 10-нд дуусгаж эзэнд нь хүлээлгэж өгөх юм.
н.Оюунаа нь 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй хэдий ч тэрээр амьдралын зовлонд толгой гудайлгүй үр хүүхдүүдээ мэдлэг боловсролтой болгон төлөвшүүлэхийн төлөө хөдөлмөрлөж явна.
Нийгэмд ээлтэй "Бид хамтдаа-655" сайн үйлсийн аяныг дэмжин оролцож буй Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх, газрынх нь асуудлыг шийдэж өгсөн Ю.Энхтуяа даргатай ГХБХБГ-ын хамт олон, тог цахилгааны асуудлыг шийдэж өгсөн Т.Жаргалсайхан даргатай Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хамт олонд Политехникийн коллежийн багш оюутнууд талархаж буйгаа илэрхийллээ.
Д.Мишигсүрэн