Хүүхдүүд англи хэлний мэдлэгээр өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүүхдүүд англи хэлний мэдлэгээр өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ.
2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийт иргэдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий "Англи хэлтэй Өмнөговь" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд гадаадаас багш нарыг урьж ирүүлэн хичээл заалгах, багш нарыг гадаадад сургах, багш сурагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх олон төрлийн уралдаан тэмцээн, олимпиадыг зохион байгуулж байна. Үүний нэг нь аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд англи хэл дээр эссэ, зохион бичлэгийн уралдааныг зарлаж дүнгээ гаргалаа. Уг уралдаанд 70 гаруй хүүхэд оролцсон байна.
Зохион бичлэгийн төрөлд нэгдүгээр байрт Ханбогд сумын сурагч Ч.Амарбаяр, эссэ бичлэгийн төрөлд нэгдүгээр байрт Даланзадгад сумын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Ариунзаяа шалгарчээ.
Д.Мишигсүрэн