Завхан аймаг жүдо бөхийн спортыг аймагтаа хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт Монголын жүдо бөхийн холбоо, Завхан аймгийн Биеийн тамир спортын газар, аймгийн жүдо бөхийн холбоо, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран олон улсын жүдо бөхийн сургалт боллоо.
Сургалтыг Япон улсын жүдо бөхийн тамирчин Сүзүки Кайши, Ямагүчи Рики, Монгол улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Н.Дагвасүрэн нар удирдаж өсвөрийн жудо бөхийн тамирчдад техник арга зүйн талаарх мэдлэгийг олгох тав хоногийн сургалтыг явуулжээ. Сургалтанд жүдо бөхийг сонирхдог, хичээллэдэг өсвөр үеийн тамирчид, бага насны нийт 46 хүүхэд хамрагджээ. Мөн Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургууль болон 24 сумын сургуулийн жүдо бөх сонирхогч 120 орчим сурагч биеийн тамирын багш дасгалжуулагчдын хамт гурван өдөр хамрагдсан байна. Сургалтанд оролцогчид өдөр бүр жүдо бөхийн шинэ мэх, техникийг сурч байсан төдийгүй нөхөрсөн тэмцээнийг явуулж хүүхдүүдийг урамшуулсан байна. Цаашид сургалтыг жил бүр шат дараатай орон нутгийн удирдлагууд аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулахаар болов. Мөн жүдо бөхөөр хичээллэх сонирхолтой болон хичээллэж амжилт гаргаж буй сурагчдыг дэмжин хамтарч ажиллахаа аймгийн удирдлагууд хэлэв.
Б.Мягмарсүрэн