Эсэргүүцлийн жагсаал боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДӨнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 7-нд Халхгол сумын нутгийн зөвлөл, нутгийн иргэдийн хамтарсан “Халхголоо алдах уу, аврах уу” эсэргүүцлийн жагсаал Чойбалсан хотын Тусгаар тогтнолын талбайд боллоо.
Жагсагчид Халхголын 500 мянган га газрыг чөлөөт бүс болгох тухай Засгийн газрын 75-р тогтоолыг хүчингүй болгохыг шаардаж ийнхүү жагсав. Жагсаалд 3000 орчим хүн оролцож ХХААЯ сайд Р.Бурмааг буруутгасан хийгээд УИХ-ын шийдвэрийг эсэргүүцсэн үг үсэг бүхий уриа лоозон барьжээ.
Тэд 75-р тогтоолыг бүрмөсөн хүчингүй болгох, цаашлаад Халхголын газар шороог ямар нэгэн зориулалтаар хөндөхгүй байхыг уриалж байсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачлаад байгаа “Органик бүтээгдэхүүний бүс нутаг” болгох төслийг ч эсэргүүцэж байгаагаа ярьсан. Учир нь дээрхи гоё нэрийн цаана чөлөөт бүсийн эрх ашиг явж байх магадгүй хэмээн хардаж байгаагаа ч нуугаагүй. Цуглаанд оролцогчид нийгэм, улс төр хямралтай тотворгүй байгаа энэ цаг үед газар шороогоо хувийн ашиг сонирхолд автсан хэсэг бүлэг хүмүүст алдах эрсдэлтэй байна гэж үзэж байгаа юм.
Б.Туяа