Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-20 08:29:40
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох зөрчил буурахгүй, харин ч өсөх хандлагатай байна хэмээн аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Л.Мөнгөнхундага мэдээлэлдээ дурьдлаа. 
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас энэ байдалд дүгнэлт хийж, нэгдсэн болон хэсэгчилсэн шалгалтуудыг үе шаттайгаар дараалан зохион байгуулж байгаа аж. Зөвхөн энэ сарын 1-нээс 11-ний хооронд зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээний дүнгээр аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцож осол гаргасан 60 зөрчил илэрчээ. Эдгээр тээврийн хэрэгслийн жолоочийг түр саатуулан журамлаад байгаа гэнэ. Ингэж журамласны ач холбогдол нь энэ 60 согтуу жолоочийн цаана ямар их хохирол, гэмтэлээс урьдчилсан сэргийлж ажилласан нь тодорхой байгаа гэж ахлах зохицуулагч хэллээ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон эрхгүй этгээд жолоо барьж явсныг түр саатуулан журамлаж байгаа гэнэ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хичээлийн шинэ жил нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн тасгаас уламжлал болгон зохион явуулдаг сургууль, цэцэрлэгийн орчимд замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, “school folits”-ыг эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулж буй ажил тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байгаа аж. Ингэснээр сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд зам тээврийн хөдөлгөөний эсрэг зөрчил дутагдалд орсон явдал гараагүй байна. 
Иймээс нийт тээврийн хэрэгслийн жолооч, иргэдийг замын хөдөлгөөнд зөв боловсон, хууль дүрмээ биелүүлэн оролцохыг мөн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.  
Өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн эрхийг зургаан сараас нэг жилээр хасаж, 480 мянган төгрөгөөр торгодог байжээ. Харин энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зөрчлийн тухай хуулиар шинэчлэлт хийгдэж, дээрх зөрчил гаргасан этгээдэд 1-2 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 400 мянган төгрөгөөр торгодог болсон байна. Шинэчлэгдсэн заалтаар эрхээ хасуулсан үедээ дахин тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодвол 7-30 хоног баривчлах гэнэ. Аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд өнгөрсөн сард л гэхэд 10 гаруй жолооч зөрчил гарган баригджээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдал буурахгүй байгаа нь иргэдийн өөрсдийн ухамсар, байдалтай шууд холбоотойгоос гадна хурд хэтрүүлэх, шөнийн цагаан гэрэл шилжүүлэхгүй явах, зохицуулж төвлөрүүлсэн газар машинаа тавихгүй зэрэг зөрчлүүд байсаар байгаа аж.
Ч.Отгонцэцэг
相关新闻