Барилгыг нь акталсан цэцэрлэгийг сургуулийн нэг жигүүрт төвхнүүлэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-19 19:01:00
Дундговь /МОНЦАМЭ/. Ашиглалтын хугацаа дуусч олон жил болсон Сайнцагаан сумын 1- р цэцэрлэгийн барилгад үйл ажиллагаа явуулахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар бүрмөсөн зогсоосон. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа тус цэцэрлэгийг “Мандал” сургуулийн нэг жигүүрт нүүлгэн байршуулах шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргажээ.

Тус цэцэрлэг 140 шахам хүүхэдтэй. Өнгөрсөн жилийн намар цэцэрлэгийн барилга таазнаасаа нурж, хоёр давхарын нь шал доош цөмөрснөөс аймгийн Мэргэжлийн хяналтын газар уг барилгад үйл ажиллагаа явуулахыг зогсоож байсан юм. Цэцэрлэгийн барилга 1958 онд ашиглалтад орсон, Мандалговь хотын анхны барилгуудын нэг. Барилгын ашиглалтын  хугацаа дуусаад 19 жил болсон бөгөөд цаашид ашиглаж болохгүй гэдэг дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газар нэг бус удаа гаргажээ. Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн долдугаар сард мөн ийм дүгнэлт гаргасан байдаг. Харин үүний дараахан буюу аравдугаар сарын эхээр цэцэрлэгт ийнхүү нуралт үүссэн билээ.
 Тухайн үед цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсоож, хэвийн ажиллах нөхцөлгүйгээр багагүй хугацаа өнгөрүүлсэний эцэст барилгын таазыг бэхэлж, засварлан хичээлийн жилийг дуустал үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр болсон юм. Үүнд Боловсрол, соёл урлагийн газар арав гаруй сая төгрөг зарцуулж байв. Энэ маягаар түр зуур аргацаан үйл ажиллагаа явуулаад байхыг Мэргэжлийн хяналтын газар ийнхүү хориглож, барилгад үйл ажиллагаа явуулахыг бүрмөсөн зогсоосон юм.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг яаралттай хэвийн нөхцөлд шилжүүлэхийг эцэг эхчүүд шаардаж аймгийн Засаг даргад хандсан бөгөөд үүнтэй холбогдуулан Засаг дарга ажлын хэсгийг томилон ажиллуулсан байна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх ямар боломж байгааг судалж, шийдэл гаргах үүргийг ажлын хэсэг хүлээсэн бөгөөд ингэхдээ, шинээр ашиглалтад ороод 3 жил гаруй болж байгаа “Мандал” сургуулийн нэг жигүүрт цэцэрлэгийг нүүлгэн ажиллуулах боломжтой хэмээх дүгнэлтийг гаргажээ.“Мандал” сургууль 900 хүүхдийн багтаамжтай. Одоогоор 700 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа, өөрөөр хэлбэл бүрэн хүчин чадалд хүрч хараахан ажиллаагүй тул сургуулийн нэг жигүүрийн анги танхимыг цэцэрлэгийн зориулалтаар түр ашиглах шийдэлд ийн хүрсэн байна.
Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн аймгийн Засаг дарга шийдвэр гаргаснаар аравдугаар сарын нэгнээс эхлэн Сайнцагаан сумын 1- р цэцэрлэг “Мандал” сургуулийн нэг жигүүрт үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Цаашид Сайнцагаан суманд шинэ цэцэрлэг барих шаардлага тулгарч байна.

Т. Отгонтуяа
相关新闻