"Говь фестиваль-2017"-д оролцогчдоо 12 номинацад шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-19 18:28:34

Өмнөговь /МОНЦАМЭ/ Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Малчны өдөр", "Говь фестиваль-2017" арга хэмжээг энэ сард зохион байгуулах гэж байна.
Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг бий болгон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулах, малчид, иргэдийн бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ боловсруулах харилцан туршлага солилцох, зах зээлээ өргөжүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлах боломж ийг энэхүү арга хэмжээний үеэр бий болгодог. Эдүгээ 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа эл үзэсгэлэн худалдаа нь энэ жил тус аймгийн төв Даланзадгад сумын "Шинэ говь" худалдааны төвд болно.

Энэ үеэр оролцогчдыг 12 номинацад шалгаруулж өргөмжлөх юм. Үүнд шилдгийн шилдэг гранпри, хамгийн зохион байгуулалт сайтай сум, шилдэг газар тариалан эрхлэгч, шилдэг өрхийн үйлдвэрлэгч, шилдэг цагаан идээ үйлдвэрлэгч, хамгийн сайн маркетингтай бизнес эрхлэгч, шилдэг үйлдвэрлэгч нөхөрлөл, хоршоо, шилдэг барилга, гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хүнсний шилдэг бүтээгдэхүүн, оёдол гар урлалын шилдэг бүтээгдэхүүн, оёдол гар урлалын шилдэг үйлдвэрлэгч, хамгийн сайн зохион байгуулалттай нэгж гэсэн төрлүүдэд "Говь фестиваль-2017"-д оролцогчдоо шалгаруулах ажээ. 

Д.Мишигсүрэн 


相关新闻