"Сайн багш" нарыг урилгаар багшлуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Сайн багш" нарыг урилгаар багшлуулж эхэллээ.
Тус аймагт математикийн хичээлийн чанар, амжилтыг ахиулах зорилгоор "Оюуны хурд" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Багш сурагчдын амжилтыг үнэлж урамшуулахаас гадна "Сайн багш" нарыг урилгаар багшлуулж байна.
Эхний ээлжинд математикийн дөрвөн багштай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Урилгаар ирсэн эдгээр баш нар улс бүсийн чанартай олимпиадад удаа дараа амжилт гаргаж байсан, туршлагатай багш нар юм. Улсын тэргүүний 3 дугаар сургууль, Оюуны мэлмий 4 дүгээр сургууль, 1200 хүүхдийн суудалтай 5 дугаар сургуульд эдгээр багш нар хичээл заах юм.
Ийнхүү сургалтын чанар, сурагчдын амжилтыг ахиулах ажлыг эхлүүллээ. Бүс болон улсын чанартай олимпиадуудад Өмнөговийн хүүхдүүд цахиур хагалан гарч ирэх нь цаг хугацааны асуудал болон үлдлээ.
Д.Мишигсүрэн