22 эмчийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас 22 эмчийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар болжээ.
Энэ жил 22 эмчийн мэргэжлийг дээшлүүлэхээр аймгийн Засаг дарга гэрээ байгуулсан байна. Гэрээнд тусгаснаар эмч нар суралцаж төгсөөд 5-аас доошгүй жил орон нутагтаа үр бүтээлтэй ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү сайжруулахаар заасан байна.
Тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд болон сумдын эмнэлэгт шаардлагатай унаа машин, тоног төхөөрөмжөөр хангасан. Харин одоо сурч, мэргэшиж өөрсдийн үүрэг хариуцлагаа өндөржүүлж ард иргэдийн эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээсээ ажиллах хэрэгтэйг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцгойлон анхаарууллаа.
Өнгөрсөн жил аймгаас сургалтын төлбөрийг нь бүрэн шийдвэрлэн өгч сумд болон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 10 эмчийг үндсэн мэргэжил, төрөлжсөн нарийн мэргэжлээр сургасан юм.
Д.Мишигсүрэн