Эрдэнэтчүүд “ухаалаг даавуу” үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-18 15:37:46
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэтчүүд 2014  оноос нано бүрхүүлт даавуу үйлдвэрлэж байна. Бохирддоггүй, шороо тоос нэвтрэхгүй, ус болон тос, шингэний гаралтай бохирдол дотогш нэвчихгүй, хүчил, шүлт зэрэг химийн бодист түлэгдэж элэгдэхгүй, гандахгүй зэрэг давуу талтай уг даавууг олон улсад “ухаалаг даавуу” гэж нэрлэдэг.

Нано бүрхүүлт даавуугаар уул уурхай, үйлдвэрийн ажилчид, сурагчдын дүрэмт хувцас болон гэрийн бүрээс хийхэд тохиромжтой юм. Ийм даавуун бүтээгдэхүүн нь эдийн засаг, эрүүл мэнд, байгаль экологид ээлтэй гэдгээрээ  давуу талтай юм. Жилийн дөрвөн улиралд тохируулан  гэрээ барьдаг монголчуудад нано бүрхүүлт гэрийн бүрээс нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй юм. Учир нь ийм бүрээсийг гурван жил хэрэглэх бол ердийн даавуун бүрээсийг нэг жил ашигладаг ажээ. Монгол гэр нь олон улсад “Эко сууц” гэдгээрээ алдартай. Хонины ноос, эсгийгээр ханаа дулаалж, цэвэр  модоор хана, унь, хаалга, шалаа хийж, агаарын урсгал нь хаалга, тооноороо нэвт гардаг зэрэг олон давуу талтай тул гадныхан монгол гэрийг “Эко сууц” хэмээн үнэлдэг.

Нано бүрхүүлт даавууг “Эрдэнэт текс” компанийн ноос угаах үйлдвэр, “Эрдэнэт кашмер” компани болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран үйлдвэрлэсэн юм. Монгол Улсад анх удаа хөнгөн үйлдвэрийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн дээрх баг 2011 оноос хэд, хэдэн удаа туршилт хийж ийнхүү хэрэглээнд нэвтрүүлээд байна. Энэ технологийг ШУТИС-ийн багш, доктор Р.Мядагмаа санаачилж гаргаж авсан юм. Тэрээр Герман улсад 2001-2010 онд судалгаагаа эхлүүлж олон улсад хэрэглэх патентын эрхээ авсан байна.
Б.Оюун-Эрдэнэ
相关新闻