Хаягийн өөрчлөлт хийлгэх шаардлагатай иргэдэд зориулсан өдөрлөгийг товлолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-18 14:47:46
Дундговь /МОНЦАМЭ/. Оршин суугаа хаягтаа бүртгүүлээгүй байгаа иргэдийн хаягийн өөрчлөлтийг хийж, хаягийн зөрчилгүй болгохоор “Хаяг ба хариуцлага” хэмээх өдөрлөгийг Улсын бүртгэлийн хэлтэс зохион байгуулахаар болов.

Тус хэлтэс энэ сарын эхнээс 14 хоногийн хугацаанд аймгийн төвийн хамгийн олон хүн амтай 7- р багийн иргэдийн оршин суугаа хаягт  тулгалт хийсэн байна. Тус баг 18 болон түүнээс дээш насны 2220 гаруй иргэнтэй. Үүний  16 хувь нь өөрийн бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, шилжин суурьшсан газраа хаягийн бүртгэл хийлгээгүй иргэд байжээ.

Хэдийгээр Монгол Улсын иргэн ажиллаж, аж төрөх газраа чөлөөтэй сонгох үндсэн хуулиар олгосон эрхтэй  ч оршин сууж буй хаягаа албан ёсоор бүртгүүлж, хаягийн ямар нэг зөрчилгүй байх нь иргэний үүрэг хариуцлага байдаг. Энэ үүргээ биелүүлж хаягийн бүртгэлээ цэгцлэхэд нь зориулж, цаг хугацаа шаардахгүйгээр нэг цэгт хүрэлцэн ирж үйлчлүүлэх нөхцлийг  дээрхи өдөрлөг бүрдүүлж өгөх юм.
Аймгийн төвийн бүх багийн Засаг дарга хаягийн зөрчилтэй иргэдээ энэ өдөрлөгт бүрэн оролцуулах үүрэг хүлээж байна. Байгууллагын удирдлагууд ч хаягийн бүртгэл хийлгэх шаардлагатай албан хаагчдаа өдөрлөгт хүрэлцэн ирэх боломжийг олгоно.

Иргэд өдөрлөгт ирэхдээ иргэний үнэмлэх болон бүртгэлийн хураамж болох 2500 төгрөг авч ирж хаягийн өөрчлөлтөө хийлгэх бөгөөд өдөрлөгийн үр дүнд аймгийн төвийн иргэдийн оршин суугаа хаягийн бүртгэл богино хугацаанд цэгцэрнэ гэж үзэж байгаа ажээ. Өдөрлөг энэ долоо хоногийн пүрэв гарагт болох юм.

Т. Отгонтуяа
相关新闻