Дэлхийн банк Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-14 09:33:01
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Дэлхийн Банкны “Тогтвортой амьжиргаа 3” төслийн багийн удирдагч Инго Видерхоферээр ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын гол зорилго нь 2016, 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөхөд оршжээ.

Иймд Баян-Өндөр суманд ажиллахаасаа өмнө аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, АЗДТГ-ын дарга, Аймгийн чадавхийг бэхжүүлэх багийн дарга Д.Соёлчхүү болон бусад гишүүдтэй уулзаж санал солилцсон юм.  Уулзалтын үеэр “Аймгийн чадавхийг бэхжүүлэх баг”-ийн гишүүд “Орон нутгийн хөгжлийн сан”-ын журамд өөрчлөлт оруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд мэдээлэл сайн түгээх, Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн онцлогийг харгалзан үзэж журам, хөрөнгө хуваарилах аргачлалыг өөрчлөх зэрэг санал хэллээ.

Мөн “Тогвтортой амьжиргаа-3” төслийн орон нутгийн ажилтан Г.Алимаа хэлэхдээ, “Орхон аймгийн хувьд Төсвийн төлөвлөлтийн бүлэгт улсын дунжаас 10, ил тод байдал 6, төсвийн гүйцэтгэл 43, өмчлөл ашиглалт 11 хувиар илүү байна. Харин иргэдийн оролцооны бүлэгт нэг, хяналт, шинжилгээ, үнэлгээний бүлэгт нэг хувиар бага хэрэгжилттэй гарсан” гэлээ. Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа 3” төсөл  Монгол Улсын Сангийн яамтай хамтран ажилладаг бөгөөд орон нутгийн хөгжлийн чадавхийг сайжруулах зорилгоор “Орон нутгийн хөгжлийн сан”-г санхүүжүүлж түүндээ хяналт тавин ажилладаг юм. Хяналт, шалгалтыг дээрх зургаан үзүүлэлтийн дагуу дүгнэдэг. Энэ удаа Баян-Өндөр суманд хийсэн хөрөнгө оруулалтыг шалгана. Тус суманд “Орон нутгийн хөгжлийн сан”-аас 334.7 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж явган хүний зам, гэр хорооллын сайжруулсан шороон зам бусад тохижилт, үйлчилгээний ажил хийсэн юм.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻