Дундговийн мал зүйчид мэргэжлийн холбоо байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-12 13:37:13
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн мал зүйчид анх удаа зөвлөлдөн чуулах гэж байна. Мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр стратеги төлөвлөгөөтэй болох, үүнд мал зүйчдийнхээ үгийг сонсч, уг төлөвлөгөөг хамтдаа боловсруулах үүднээс энэхүү зөвлөгөөнийг аймгийн ХХАА- н газар зохион байгуулна. Энэ бол мал зүйчдийн хувьд анхдугаар зөвлөгөөн гэдгийг тодотгосон юм.

Дундговь аймгийн мал сүрэг таван төрөлдөө өсч, 3 сая 59 мянган толгойд хүрсэн. Мал сүргээ өсгөж байгаа нь малчдын нөр их хөдөлмөр хэдий ч бэлчээрийн даац хомсдож байгаа энэ үед малын тоог өсгөхөөс илүүтэй чанарыг нь сайжруулж, ашиг шим өндөртэй болгох, малын үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийхэд мэргэжлийн хүмүүсийн туслалцаа, аймаг орон нутгийн бодлого хэрэгтэй  байгааг тэд байнга хэлдэг. Энэ шаардлагын үүднээс  малын үржлийн ажлын аймгийн стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж ХХАА- н газар мал зүйчдээ ийнхүү нэг дор цуглуулж, үгийг нь сонсохоор урьжээ.

Зөвлөгөөн энэ сарын 22- 23- ны өдөр Мандалговь хотод болно. Энэ үеэр мөн Дундговь аймгийн Мал зүйч, үржүүлэгчдийн холбоог байгуулах юм байна. Энэ холбоо мал үржүүлгийн ажлын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд мэргэжлийн дагуу хамтран ажиллах ажээ.
 
 Т. Отгонтуяа
 
 
 
 
相关新闻