Нийслэлийн иргэд спорт явган аяллын төрлөөр өрсөлджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-12 07:35:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэдийн спорт явган аяллын шигшээ тэмцээн 2017 оны есдүгээр сарын 9-10-нд болж шилдгүүдээ тодруулжээ.

Энэхүү таван үе шат бүхий спорт аяллын тэмцээний шигшээ тэмцээн нь “Улаанбаатар- Баянзүрхийн товчоо- Налайх дүүрэг дэх “Номин” дэлгүүр - Сонгинохайрхан Хайрхан уул - Налайх дүүргийн Төв талбай - Ургах гаран хороолол- Баянзүрх хайрхан - Хар усан тохой – Улаанбаатар” гэсэн чиглэлд болсон юм. Тэмцээнд оролцогч багууд аялахдаа машинаар 90 км, явганаар 20 км замыг туулсан байна. Нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 117 баг  /баг тус бүр 6 эрэгтэй, 6 эмэгтэй, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй/ спорт явган аялалын тэмцээнд оролцжээ. Аялагчид “Газрын зураг дээр зай чиглэл тодорхойлох”, “Байгальд нуувч илрүүлэх”, “Холимог буухиа” /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ гэсэн 3 төрлийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн байна.

Аялалын тэмцээнийг шүүхдээ ирц, аялах явц, сахилга бат, зохион байгуулалт, багийн бэлтгэл, хувийн бэлтгэл, эмийн сан, аялалын тэмдэглэл, байгаль орчин, отгийн ариун цэвэр, галын наадам, урлагийн тоглолт, бэлэг солилцох гэсэн үзүүлэлтийг харгалзан дүгнэж байр эзлүүлсэн юм. Тэмцээнд тэргүүлэгч багуудыг танилцуулахад: Тэргүүн байрт Ю.Батсайхан дасгалжуулагчтай, Л.Уянга ахлагчтай Баянзүрх дүүргийн 5-р хороо 118 оноогоор тэргүүлж цомын эзэн боллоо. Харин 2-р байрт Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай, Б.Баттөр ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо 116 оноогоор шалгарч, Г.Тэмүүлэн дасгалжуулагчтай, Т.Хүдэрчулуун ахлагчтай  Багахангай дүүргийн  1-р хороо 115.5 оноогоор 3-р байр эзэлжээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр аяллын спортын мастер Ж.Энхтайван, эмч шүүгчээр спортын мастер Р.Энхцэцэг, спортын мастер Д.Далантай нар ажилласан байна.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А\333 дугаар захирамжаар Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмыг спортын 8 төрлөөр, хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар 2017 оны дөрөвдүгээр сараас 11 дүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулж байна.

Энэхүү наадам нь ”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт хүргэх” уриатайгаар Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, Нийслэлийн иргэдийг хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, нийтийн биеийн тамирын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Тус наадмын эхний төрөл нь спорт явган аяллын тэмцээн юм.

Д.Өлзий
相关新闻