Төрийн албан хаагчид 2600 гаруй минутын алдагдал гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-11 20:36:28
Дундговь /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагууд ажлын цаг бүртгэлээ цахимжуулж, алба хаагчдынхаа ажлын цаг ашиглалтад хяналт тавьдаг байхыг  аймгийн ЗДТГ- ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс сануулсан байна. Тус хэлтэс өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын алба хаагчдын ажлын цаг ашиглалтад дотоод хяналт хийжээ.
Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 21 агентлаг ажилладаг. Эдгээрт 470 гаруй алба хаагч ажилладаг бөгөөд тэдний ажлын цаг ашиглалтад гурван өдрийг жишээлэн хяналт хийсэн байна. Дотоод хяналтад ээлжийн амралт болон түр чөлөө авснаас бусад  250 алба хаагч хамрагдсан бөгөөд тэд хяналт хийх хугацаанд нийт 2617 минутыг ажлын цагаас ашиглалтгүй алдсан. Хяналтад хамрагдсан байгууллагын 8 даргын хувьд 5- 45 минут, нийт 155 минутын алдагдалтай ажилласан гэсэн дүнг гаргажээ.
Ажлын гурван өдөрт хийсэн дотоод хяналтын энэ дүнд дүгнэлт хийж, дор бүрнээ ажлын цаг ашиглалтыг сайжруулж ажиллах шаардлагатай. Үүний тулд, тухайлбал, ажлын цаг бүртгэлээ сайжруулж цахим хэлбэрт шилжүүлэх, алба хаагч гадуур ажилтай гарсан тохиолдолд түүнийгээ мэдэгдэн бүртгүүлж байх, өдрийн цайнд явсан ирсэн цагийг нарийвчлан бүртгэж байх, цаг ашиглалтад байгууллагууд дотоод хяналт хийж, хамт олноороо хэлэлцэж байх, ажлын цаг ашиглалтын байдлыг үндэслэн арга хэмжээ авч хэвших  зэргээр хэд хэдэн зүйлийг цаашид анхаарах нь  шаардлага байна гэж Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э. Одончимэг хэллээ.  
Ажлын цаг ашиглалтын байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ж. Мөнхчулуун хэлэхдээ, “ЗДТГ- ын олон нийттэй харилцах албанд ирүүлж байгаа иргэдийн санал гомдлын ихэнх нь төрийн албан хаагч ажлын байрандаа байдаггүй, их хүлээлгэдэг гэх мэтээр ажлын цаг ашиглалттай холбоотой асуудал байдаг. Ажлын цагийг хэрхэн ашиглаж байна вэ гэдэг төрийн албан хаагчийн сахилга хариуцлагатай шууд холбоотой. Тиймээс ЗДТГ- аас эхлээд ойрын 3 жилд бүх байгууллагад чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ стандарт төрийн байгууллага, алба хаагчидтай холбоотой иргэдийг бухимдуулдаг олон дутагдлыг арилгана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.  
 
 
 Т. Отгонтуяа
相关新闻