Уламжлалт “Дундговь Түншлэл” энэ сарын 16- 17- ны өдөр товлогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-11 18:15:22
Дундговь /МОНЦАМЭ/. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг зах зээлтэй холбож, худалдааны түншлэл тогтоох, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нь хэрэгчлэгчдэд сурталчлан таниулах зорилгоор “Дундговь Түншлэл” үзэсгэлэн худалдааг  13 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 15- 16- ны өдөр Мандалговь хотын төв талбайд болно.
Дундговь аймгийн 3 сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоож, улмаар эдгээр сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Эл нөхцөл байдалтай холбогдуулан мал, махны худалдаа, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл,найр наадам, хурдан морины уралдаан зэрэг олныг хамарсан үйл ажиллагааг аймгийн Засаг даргын захирамжаар хориглосон. Хэдийгээр шаардлагатай бүс нутгийн мал сүргийг вакцинжуулаад байгаа ч хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн байдлын зэрэг цуцлаагүй байгаа юм.
Үүнтэй холбогдуулан “Дундговь Түншлэл” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах эсэхийг харзнаж байсан ч олон нийтийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үзэсгэлэн худалдааг өнжөөлгүй зохион байгуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг ЗДТГ гаргажээ.
Ингэхдээ шүлхий өвчний голомт үүссэн Гурвансайхан сумын Дэрсэнэ- Ус, Сайнцагаан сумын Үйзэн баг болон Өлзийт сумын малчдыг энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцуулах боломжгүй. Мөн гойд ашиг шимт мал болон махны худалдааг энэ удаа хориглоно гэж аймгийн Засаг даргын орлогч Ж. Мөнхчулуун тодотголоо.  
Энэ жилийн “Дундговь Түншлэл”- ээс орон нутгийн түүхий эдийн нөөцийг ашиглан зах зээлд үнэлэгдэхүйц, бусдаас онцлог хийц, чанартай үйлдвэрлэгдэж байгаа, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг 10 төрлөөр шалгаруулж, Дундговь аймгийн брэндийг тодруулна.
 
 Т. Отгонтуяа
相关新闻