3409 хүүхдийг сурагчийн дүрэмт хувцсаар хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл Төв аймагт 86.6 хувьтай явж байгаа бөгөөд түгээлтийг 15 суманд хүргээд байна.
БСШУЯ-наас гаргасан жишиг загварын дагуу Төв аймаг 2013 оны хичээлийн жилээс эхлэн сурагчийн дүрэмт хувцсаар чигдрэхээр ажиллаж байна. Энэ хичээлийн жил сургуулиудаас нийт 3409 хүүхэд сурагчийн дүрэмт хувцасны захиалга тус компанид ирүүлжээ. Энэ дагуу "Могол ноос" ХХК, “Blue Sky” нэхмэл сүлжмэлийн компанитай хамтран Монгол хонины ноосон даавуугаар хийсэн сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэж байна.
Үүнээс гадна эцэг эхчүүд манай компанийн байран дээр ирж хүүхдэдээ тохирсон дүрэмт хувцас сонгон авах боломжтой. Мөн хагас болон бүтэн өнчин, гэр бүл нь амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүүхдүүдэд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг “Могол Ноос” ХХК-ийн захирал Ч.Эрдэнэбат хэлэв.
Ноосон даавуугаар үйлдвэрлэсэн эрэгтэй дүрэмт хувцас нь өмд, цэнхэр цамц, ноосон майк зангианаас бүрдэх бол эмэгтэй дүрэмт хувцас нь цамц, ханцуйгүй даашинз, зангиа зэргээс бүрдэх юм.
Т.Есүхэйтөмөр