Орхон аймгийн 200 иргэн “Хепсинат лп” эмийг үнэ төлбөргүй хэрэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-08-25 21:18:53
oyuka_hu@yahoo.com
Орхон/ МОНЦАМЭ/. “Элэгний вирусгүй Эрдэнэт” аяны хүрээнд Орхон аймгийн 200 иргэн элэгний С вирусын эсрэг “Хепсинат лп” эмийг үнэ төлбөргүй  хэрэглэнэ. Тодруулбал, аймгийн ЗДТГ, ЭМГ, ЭМНДХ, “Медипас” эмнэлэг, “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ, “Омбол” ХХК нар  хамтран ажиллах гэрээ байгуулсанаар  дээрх ажил хэрэгжиж эхэллээ.

“Омбол” ХХК нь элэгний С вирусын эсрэг “ Хепсинат лп” эмийг Энэтхэг улсаас оруулж ирдэг бөгөөд үнэ нь 350 мянган төгрөг ажээ. Энэ нь зөвхөн нэг сар хэрэглэх эмийн үнэ юм.  Гэхдээ үүний 210 мянган төгрөг нь ЭМНД-ын хөнгөлөлтөд орж харин иргэд 140 мянган төгрөгөөр худалдан авдаг байна. Уг эмийг С вирусын халдвартай иргэн 3-6 сарын турш хэрэглэдэг ажээ.  

Тэгвэл “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ “Омбол” ХХК-д хүсэлт тавьсаны дагуу “Омбол” ХХК 200 иргэний  гурван сарын турш хэрэглэх эмийг үнэ төлбөргүй өгөхөөр болсон нь энэ юм. Үүний хэрэгжилтэд АЗДТГ, ЭМГ, БОЭТ зэрэг холбогдох байгууллага хяналт тавьж хамтран ажиллахаар боллоо.

Дашрамд дурдахад, Орхон аймаг хөдөө орон нутгаас анх удаа “Элэгний вирусгүй Эрдэнэт” аян зарлаж В, С, Д вирус илрүүлэх, тоолох, эмчлэх эмчилгээг цогцоор нь шийдвэрлэж байна. Уг ажил 2016 оны есдүгээр сараас аймгийн Засаг даргын ивээл дор “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-ын санаачилгаар эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 1995  хүнд В, С вирус илрүүлэх шинжилгээ хийж 474 иргэнд В вирусын эсрэг вакцин хийжээ. Мөн орон нутгийн төсвөөс дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийдэг В вирусын эсрэг вакцинд 35 сая төгрөг төсөвлөсөн байна.  
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻