Сэлэнгэ аймгийн 17 сумын Мал эмнэлэг үржлийн тасагт мотоцикл гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-08-22 20:06:59
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Төвийн бүсийн Нийслэл, Дундговь, Сэлэнгэ, Төв, Дархан аймгийн ХХААГ, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн 200 гаруй мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж, номын дуу сонслоо.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачилгаар аймаг, нийслэлийн ХХААГ, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд салбарын бодлого зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй бодитой өрнүүлэхэд анхаарах, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа аж.  
Сургалтын нээлтийн үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга “ХХААХҮ-ийн сайдын санаачилгаар ХХААХҮ-ийн салбарын анхан дунд шатанд ажилладаг мэргэжилтнүүдэд зориулж бүсчилсэн сургалт зохион байгуулахаар болсон. Энэ удаагийнх гурав дахь сургалт болж байна. Бүсчилэн зохион байгуулж буй сургалт зөвлөгөөний гол ач холбогдол нь та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбар яамны бодлого чиглэл, төсөл хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг олон талын мэдээллийг нэг дор олгож буйд оршиж байгаа юм” хэмээн онцлов. Сургалт зөвлөгөөний үеэр малын гоц халдварт өвчний үеийн "Хээрийн мал эмнэлэг дэлгэх" үзүүлэх сургуулилт болж, малын гоц халдварт өвчин гарсан үед анхан шатанд ямар арга хэмжээ авах, илрэх шинж тэмдэг, хорио цээр тогтоосон бүс нутагт хэрхэн ажиллах зэргийг Онцгой байдлын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Сэлэнгэ аймгийн ХХААГ-ууд хамтран үзүүллээ.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн 17 сумын Мал эмнэлэг үржлийн тасагт мотоцикл гардуулан өгсөн нь анхан шатанд ажиллаж буй мэргэжилтнүүдэд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт, үйл ажиллагааг  амжилттай хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр боллоо. Сургалт, зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ЖДҮХБХЗГ-ын дарга М.Дондогдорж, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Ч.Отгонцэцэг
相关新闻