Сэлэнгэ аймгийн иргэд Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-08-22 19:42:54
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдөр Мандал сумаас эхэлсэн бөгөөд 21-ний өдөр аймгийн төв Сүхбаатар үргэлжлэн, өнөөдөр буюу 22-ны өдөр Сайхан суманд амжилттай болж өндөрлөлөө. Хэлэлцүүлгийн хүрээнд сумдын ИТХ, Засаг дарга, багийн Засаг дарга нарт дээрх төслийн талаар сургалт зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт аймаг, сумдын удирдлагууд болон УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Улсын бага хурлын гишүүн, Ардын их хурлын депутат, Монгол Улсын гавьяат багш Р.Хатанбаатар, УИХ-ын тамгын газрын ахлах зөвлөх Ц.Батбаатар, УИХ-ын тамгын газрын зөвлөх Б.Гандулам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг оролцлоо.

Сүхбаатар сумын тухайд тус сумын 8 баг болон ойролцоох 10 сумын иргэдийн төлөөлөл оролцож асуулт асуун, хариулт авч, саналаа хэлсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулаа. Хэлэлүүлэгт оролцсон Сэлэнгэ аймгийн иргэдээс Засаг дарга нарыг шууд томилдог байх, аймгийн төвүүдийг хотын статустай болгох, сумдын газар нутгийн хил хязгаарыг шинэчлэн тогтоож өгөх, тойрогтоо хангалтгүй ажилласан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрхийг бий болгох, Ерөнхий сайд танхимаа өрөө бүрдүүлж хариуцлагаа хүлээдэг болох зэрэг олон саналыг гаргалаа. Иргэд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв.
Ч.Отгонцэцэг
相关新闻