Говийн дөрвөн аймгийн зохиолчид уулзана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-21 21:40:02
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт говийн дөрвөн аймгийн зохиолчдын уулзалт энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болно. 
"Говийн эгшиг" нэртэй уг туршлага солилцох уулзалт нь орон нутгийн өмчит "Таван толгой" ХК-ийн ивээл дор болох юм. Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн Утга зохиолын нэгдлүүд туршлага солилцож цаашдаа хэрхэн хамтарч ажиллах, говийн найрагчдын үнэлэмж зэрэг сэдвээр ярилцах ажээ.
Мөн "Говийн найраг" яруу найргийн чөлөөт уншлага аймгийн төв Даланзадгад суманд зохион байгуулах бөгөөд энэ үеэр Ө.Мөнхөөгийн шүлэг "Дурсамж", Ж.Ренчинмядагийн шүлэг "Зүрхний уяа", н.Мөнхжаргалын шүлэг "Чиний минь ирэх харгуй" зэрэг улс орон даяар хит болсон, Өмнөговь аймгийн яруу найрагчид шүлгийг нь бичсэн дуунууд уянгалах юм.
Уг уулзалтаар Гурвансайхан ууланд "Говийн эгшиг" нэртэй яруу найргийн наадам болж, арга хэмжээний төгсгөлд нутгийн уурхайчидтай уулзан тэдний ажил амьдралтай танилцах аж.  
Өмнөговь аймгийн Утга зохиолын нэгдлийг улс нийгмийн нэрт зүтгэлтэн, нэгэн зууны түүхэн хатагтай С.Удвал анх байгуулж байсан түүхтэй юм байна.
Д.Мишигсүрэн
相关新闻