Цагаан хадны хяналтын талбайн үйл ажиллагааг явуулах шийдвэр гаргаж өгөхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-21 18:25:08
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагаан хадны хяналтын талбайн үйл ажиллагааг явуулах шийдвэр гаргаж өгөхийг Тус аймгийн Засаг дарга Зам тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбатаас хүслээ.  

Засгийн газрын энэ сарын 17-ны хуралдаанаар тус хяналтын талайн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон юм. Таван толгойн уурхайгаас Гашуун сухайт боомт руу тээвэрлэдэг нүүрсийг Цагаан хадны хяналтын бүсэд буулгадаг бөгөөд богино тээвэрлэлтийг дахин хийдэг юм. Орон нутгийн удирдлагууд болон тухайн бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд энэхүү шийдвэрийг цагаа олоогүй хэмээн үзэж байгаа ажээ.

Тухайн бүс нутагт гурван мянга гаруй иргэн байнга оршин суудаг бөгөөд хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд зургаан мянга гаруй иргэд ажиллаж амьдардаг. Мөн 130 гаруй аж ахуй нэгж, хоолон гэр, буудал үйл ажиллагаа явуулдаг байна.

Цагаан хаданд нүүрс буулгадаг 22 талбай байдаг ба үүнийг хааснаар хамгийн эхлээд ажилгүйдэл нэмэгдэх, нүүрс тээвэрлэлтийн машины дугаарлалт ихсэх гэм мэт сөрөг үр дагавартай гэж үзэж байгаа юм. Мөн тухайн хяналтын талбайг хааснаар тэнд үйл ажиллагаа явуулдаг иргэдийн дэлгүүр, хоолон гэр, буудал ч хаалгаа барих нь цаг хугацааны асуудал. Тиймээс тухайн шийдвэрийг эргэж харан, хяналтын талбайг ажиллуулахыг хүслээ. 

Орон нутгийн зүгээс Цагаан хадыг Ханбогд сумын Хайрхан нэртэй баг болгон тэнд 75 хүүхдийн цэцэрлэг, 36 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа ажээ.  
Д.Мишигсүрэн
相关新闻