"Буянт" хүүхдийн зуслан 60 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-21 12:27:56
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Буянт" хүүхдийн зуслангийн 60 жилийн ойг өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэлээ.
1957 оноос хойш өдгөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй "Буянт" хүүхдийн зуслан он цагийн хэлхээнд түүхээ зузаалсаар ийнхүү 60 жилийг ардаа үджээ. Нийгмийн ороо бусгаа үед ч хаалгаа бариагүй юм. 
Өнгөрсөн онд тус зусланд орон нутгийн хөрөнгө оруулалтаар тэрбум гаруй төгрөгийн засвар хийж, шинэ техник тоног төхөөрөмжөөр хангасан юм. Харин энэ жил гадна тоглоомын талбайг шинэчилсэн байна. 
Тус зуслангийн ойгоор Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, НБХ-ийн дарга Ү.Энхцацрал болон зуслангийн үе үеийн удирдлагууд, ахмад ажилчид, анхны амрагчид, ажил амьдралаа холбосон иргэд, хүүхэд багачууд оролцон ойн арга хэмжээг чимжээ.
"Буянт" хүүхдийн зуслан энэ зун есөн ээлжид 400 гаруй хүүхдүүдийг  хүлээн авч ая тухтай амруулсан байна. Мөн амьдралын боломж тааруу 80 хүүхдийг үнэ төлбөргүй амраасан ажээ. Тус хүүхдийн зуслан англи хэл, сагсан бөмбөг, спорт бүжиг гэх мэтээр амралтын ээлж бүрийг сургалтын хөтөлбөрөөр төрөлжүүлж өгсөн нь энэ жилийн онцлог гэнэ. Мөн хүүхдүүд сургалтын хөтөлбөрийг нь сонгож амрах боломжийг олгож байгаа ажээ.
"Буянт" хүүхдийн зуслан нэг ээлжид 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд сумаас хүүхдүүд ирж амарсаар байна гэнэ. Зуслан зуны ээлжийн дараа намрын ээлжид хүүхдүүдийг амраахаар төлөвлөсөн байгаа гэнэ. 
 
Д.Мишигсүрэн
相关新闻