Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хурганд хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-18 15:33:20
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн 12 суманд хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хурганд хийж байна. Нийт 49 багийн 169 мянга гаруй толгой хургыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахаас одоогийн байдлаар 40,0 мян толгой хурга буюу 23 хувийг нь хамруулаад байгаа юм. 

Ханхонгор суманд өнгөрсөн жил хонины цэцэг өвчин гарч, тухайн үед хурдан шуурхай ажилласны хүчинд тухайн өвчний дэгдэлтийг зогсоож чадсан билээ. Тус сумын Жаргалант багийн нэг малчин Дорноговь аймгаас өвчтэй хурга тээвэрлэн ирсэн нь ийнхүү 63 жилийн дараа уг аймагт хонины цэцэг өвчин гарч малчид болон иргэдийг цочроосон юм.  Харин энэ жилийн хувьд малын гоц халдварт өвчлөл тайван байна гэж аймгийн ХХААГазраас мэдээллээ. 

Аймгийн хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 585,4 мянган толгой мал хамруулахаас 479,6 мянган толгой мал хамруулж 81 хувийн гүйцэтгэлтэй байна. Шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 400.0 мянган тун вакцин нийлүүлж, 398.005 төл хамруулан тарилгын ажил 99,5 хувийн гүйцэтгэлтэй дуусчээ. Мөн паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх боловсруулалтын арга хэмжээнд 120 мянган толгой мал хамруулан 43 хувьтай, туулгалтын арга хэмжээнд 64 мянган мал хамруулахаас 15,0 мянган мал хамруулан 23,4 хувьтай, угаалгын арга хэмжээнд 593,8 мянган толгой мал хамруулахаас 30,0 мянган толгой мал хамруулан 5 хувьтай, 30,0  мян метр.кв талбайд ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
Д.Мишигсүрэн

 
相关新闻