Өмнөговийн 300 гаруй залуус чууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнөөдөр "Хөгжлийг оюунаар бүтээнэ" залуучуудын зөвлөгөөн болж өндөрлөлөө.
Өмнөговь аймагт болж байгаа залуучуудын урлаг, спортын их наадмын үеэр энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөнд тус аймгийн 15 сумын 300 гаруй залуус оролцлоо. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санаачлага, хөрөнгө оруулалтаар анх удаа дээр уг арга хэмжээг зохион байгуулж буй аж. Зөвлөгөөнд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувд, “Сэтгэлийн өнгө” гэр бүл, сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Г.Наранбаатар, Монголын Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн Академийн сургалтын албаны дарга Т.Буяндэлгэр нар оролцож залуучуудад үнэтэй зөвөлгөө, мэдээлэл өгсөн юм.
"Уг зөвлөгөөн нь залууст гэр бүлийн боловсрол нэмэх, тулгамдсан асуудлын гаргалгааг олох, соён гэгээрүүлэх зорилготой байлаа. Сэтгэл зүйч Г.Наранбаатар залуус хэрхэн өөрийгөө өөрчлөн хөгжүүлэх, амжилтад хэрхэн хүрэх зэргээр өөрийн амьдралаараа жишээ татсан бол жүжигчин Н.Сувд гуай залуу нас богинохон учраас хөдөлмөрлөх хэрэгтэй, хүн байх утга учир, хүүхэд зөв хүмүүжилтэй байхад гэр бүлийн орчин нөлөөлдөг зэргээр мөн өөрийнхөө амьдралаас жишээ татан ярьсан нь залууст их хүрлээ. Миний хувьд сонссон зүйлээ амьдрал дээрээ хэрэгжүүлэх чухал гэдгийг л залуустаа маш сайн захилаа" гэж Өмнөговь аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Төмөрбат ярилаа.
Энэхүү зөвөлгөөн нь залууст үр өгөөжөө өгөх сайхан арга хэмжээ боллоо гэдгийг оролцогч залуус онцолж байлаа.
Д.Мишигсүрэн