Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
gantuya@montsame.mn
2017-08-09 14:33:41
Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Батлут хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. 

Энэ онд хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хотын захирагчийн албанаас нийтдээ 52 нэр төрлийн ажил төлөвлөсөн. Өнгөрсөн сарын 24-ний өдрийн байдлаар эдгээр ажлын гүйцэтгэл 50 орчим хувьтай гарчээ. Хотын өвөлжилтийн бэлтгэл ажилд эрчим хүчний компаниуд болон Хот тохижуулах газар, СӨХ-дын хийж гүйцэтгэх арга хэмжээнүүд багтдаг юм.

Тэгвэл хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуйн газраас танилцууллаа. Энэ онд аймгийн хэмжээнд 1000 гаруй өрхийн 175 мянга гаруй мал өвөлжиж, хаваржиж тооцоо гарсан байна. Эдгээрийн 500 гаруй айл нь зэргэлдээх аймгуудын нутагт өвөлжих аж.

Манай аймгийн малчид 8000 тонн, Баян-Өндөр, Жаргалант сумын аюулгүйн нөөцөд нийтдээ 200 тонн байгалийн хадлан, 60 хүртэлх тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн талаар ХХААГ-ын мэргэжилтэн ярилаа. Мөн аймгийн аюулгүйн нөөцөд хадлан 20 тонн, 10 тонн тэжээл бэлтгэх чиглэлийг Засгийн газраас өгсөн байна. Гэхдээ зуншлага сайнгүй байгаа тул дээрх нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа юм байна.

Урьд жилүүдэд манай аймаг хадланг зэргэлдээх аймгийн нутгаас бэлтгэдэг байсан бол энэ удаад Сүхбаатар, Дорнод аймгаас бэлтгэхээр холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлсэн байна. Энэ нь зэргэлдээх Сэлэнгэ аймагт зуншлага муу байгаагаас шалтгаалжээ.

Дээрх мэдээлэлтэй танилцсаны дараа Засаг дарга Д.Батлут хийгдэж эхлээгүй байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг эхлүүлэх үүргийг өглөө. Мөн хадлан бэлтгэхээр төлөвлөсөн аймгуудтай яаралтай тохиролцох хэрэгтэйг хэллээ. 
Орхон аймгийн ЗДТГ
相关新闻