Ханбогдод шинэ сургууль, цэцэрлэг барьж, 100 гаруй ажлын байр бий болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-07 16:57:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ бага. Тус суманд 300 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль бий бөгөөд анги дүүргэлт хэтэрсэнийг нутгийнхан ярьж  байна.

Харин энэ байдлыг  харгалзан “ОюуТолгой” ХХК нийгмийн сайн сайхны төлөөх ажлын хүрээнд “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн  цэцэрлэгийн цогцолбор барин 2018 оны намар ашиглалтад өгөхөө төлөвлөжээ. Тус цогцолборын барилгын ажилд 6.08 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд  Говийн Өгөөж ХХК, Ихэр баян говь ХХК, Галтууд ХХК, Даян байгаль ХХК хамтран  жилийн хугацаанд барих юм байна.

Дээрх цогцолборын шав тавих ёслол наймдугаар сарын 5-нд Ханбогд суманд болсон юм. Шав тавих ёслолд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, “ОюуТолгой” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Стивен Жонс, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Д.Дэндэвсамба, БСШУСЯ-ны Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа, барилгын ажлыг гүйцэтгэгч Говийн өгөөж ХХК-ийн удирдлага, Мандал хийдийн лам нар болон нутгийн иргэд оролцлоо.



Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд хэлэхдээ, “Өнөөдөр Оюу Толгой ХХК, Говийн Оюу хөгжлийг дэмжих сан Өмнөговь аймгийн боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж байна. Ирэх хичээлийн жилд Ханбогд сумын хүүхэд, багачууд шинэ сургууль, цэцэрлэгтэй болж чөлөөт цагаараа хичээлээс гадуур дугуйлан секцэнд хамрагдах боломж бүрдэж байна. Барилгын ажил өнөөдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд өрнөх юм. Гүйцэтгэгч компаниудын хамт олонд амжилт хүсч, барилгаа товолсон хугацаанд чанартай хийж гүйцэтгэхийг хүсье” хэмээв.

Харин “ОюуТолгой” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Стивен Жонс, “Энэхүү чухал арга хэмжээнд “ОюуТолгой”-н 11 мянган ажилтныг төлөөлөн оролцож буйдаа баяртай байна. “ОюуТолгой” бол Өмнөговь гэх гэр бүлийн нэг гишүүн, хамгийн дотны хамтран зүтгэгч нь юм. Тиймээс бид Өмнөговь аймаг, Ханбогд сумынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахад үргэлж баяртай байдаг. Одоогийн байдлаар Ханбогд сумын 1200, Өмнөговь аймгийн бусад сумдаас 1000 гаруй иргэн “ОюуТолгой”-д ажиллаж байна. Тиймээс ажилчдынхаа хүүхдүүдийг тав тухтай, цэвэр орчинд суралцах боломжоор хангах нь бидний үүрэг. Өнгөрсөн хугацаанд “ОюуТолгой” компани аймаг, сумынхаа тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн. Тухайлбал сумыг найдвартай эрчим хүч, цэвэр усаар хангах, сум дундын эмнэлгийн барилгыг шинэчлэх, малын эрүүл мэндийн төв байгуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн. Өнөөдөр Ханбогд сумын боловсролын салбарт бас нэгэн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж буйдаа Оюу Толгой ХХК баяртай байна” гэлээ.



Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Д.Дэндэвсамба
“1940 онд Ханбогд сумын анхны сургууль байгуулагдсан түүхтэй. 1990 онд 340 хүүхдийн сургууль, 80 хүүхдийн дотуур байр барьсан. Түүнээс хойш нэг л удаа өргөтгөл, засвар хийгээд одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор 460 хүүхдийн сургуульд 900 гаруй хүүхэд суралцаж, 200 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Сургууль, цэцэрлэгийн даац хэтрэн хүүхдүүд маань хоёр ээлжээр хичээллэдэг. Хичээлээс гадуур дугуйлан секцэнд хамрагдах боломжгүй. Харин шинэ сургууль, цэцэрлэг баригдснаар сумын хүүхдүүд цэцэрлэгт 100 хувь хамрагдаж, сургуулийн хүүхдүүд нэг ээлжээр хичээллэх боломж бүрдэнэ” хэмээн тодотгов.

БСШУСЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа, “БСШУСЯ бүх шатны боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Ирэх хичээлийн жил Ханбогд суманд ашиглалтанд орох шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор Монгол Улсын боловсролын салбарын түүхэнд тодоор тэмдэглэгдэх нь гарцаагүй юм.  Хөрсөн доороо эрдэнэсээ нуусан энэхүү нутгийг өвөг дээдэс маань бидэнд өвлүүлж үлдээгээгүй бол өнөөдрийн энэхүү буянтай бүтээн байгуулалт өрнөхгүй байсан байх. Тиймээс бид энэхүү баялгаа ашиглаад дэлхийн хэмжээний эрдэмтэн судлаачдыг сурган хүмүүжүүлэх хүндтэй үүрэг хүлээж байна” гэв.

Говийн Оюу хөгжлийн дэмжих сан хоёр жилийн хугацаанд Өмнөговь аймагт 22.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 47 төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.

“ОюуТолгой” ХХК, Өмнөговь аймгийн Ханбогд сумын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор “ОюуТолгой” ХХК нь Говийн Оюу хөгжлийг дэмжих сан ТББ-ыг 2015 онд байгуулжээ. “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сан нь “Оюу Толгой” ХХК-иас жил бүр 5 сая ам.долларын сайн дурын санхүүжилтийг хүлээн авч, Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж байна.



“Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат, “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сан байгуулагдснаасаа хойш Өмнөговь аймгийн хөгжил цэцэглэлтэд 79 байгууллагатай хамтран 22,3 тэрбум төгрөгийн өртөгтэй 47 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж 32872 иргэнд үр өгөөжөө өгчээ. 2017 онд Ханбогд суманд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих, сум дундын малын эрүүл мэндийн төв барих, Ханбогд суманд хог хаягдлын менежмент  хийх, гудамжны гэрэлтүүлэг, сумын уурын зуухны тогоог шинэчлэх зэрэгт 8.3 тэрбум төгрөг төсөвлөн ажиллаж байна” хэмээв.

Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Говийн Өгөөж” ХХК, туслан гүйцэтгэгчээр Ихэр баян говь ХХК, Галтууд ХХК, Даян байгаль ХХК ажиллах юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард “Говийн Өгөөж” ХХК Ханбогд суманд цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр шалгарсан аж. 11 дүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл барилгын ажил зогсдог учир 2018 оны наймдугаар сарын 1-нд барилгаа хүлээлгэж өгөхөөр болсон тухай Говийн Өгөөж ХХК-ийн удирдлагууд шав тавих ёслолын үеэр онцолж байв.

“Говийн Өгөөж” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Амгаланбаатар, “Хөдөө орон нутагт хотын компаниуд ирж барилга барьчихаад усанд хаясан чулуу мэт алга болдог. Дараа нь барилгын чанар, гүйцэтгэлийн талаар ямар нэгэн асуудал гарахад эргээд холбогдох эзэн олддоггүй сул талтай. Манайх барьсан барилгадаа гурван жилийн баталгаа өгч, засвар үйлчилгээ үнэгүй хийж өгдөгөөрөө онцлогтой. Мөн барилгын арматур төмөр зэргээс бусад монголд үйлдвэрлэдэг барилгын материалыг ихэвчлэн  дотоодын үйлдвэрээс худалдан авдаг” гэв.

Ийнхүү Ханбогд сум нэг жилийн дотор шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолбортой болохоос гадна 100 гаруй шинэ ажлын байр бий болох юм. Шав тавих ёслолд оролцохоор ирсэн нутгийн иргэд томоохон бүтээн байгуулалтын ажилд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Л.Нандиа




相关新闻