Салбар сургуулийн хуучин байрт 175 хүүхдийн цэцэрлэг нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-03 16:36:04
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн төвд байрлалтай Дорнод Казахстаны Улсын Их сургуулийн хуучин байрыг 175 хүүхдийн цэцэрлэг болгон ашиглахаар болжээ.

Энэ талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг уг барилга нь анх цэцэрлэгийн зориулалттай баригдсан бөгөөд 2001-2015 онуудад Дорнод Казахстаны Улсын Их сургуулийн салбар сургууль хичээлийн болон дотуур байр болгон ашиглаж иржээ.

Тус салбар сургууль нь 2015 оноос үйл ажиллагаагаа зогсоосон тул аймгийн удирдлага тус барилгыг түшиглэн хүүхдийн цэцэрлэг байгуулахаар шийдвэрлэжээ.  Цэцэрлэгийн барилгад их засвар хийхэд шаардагдах хөрөнгийг Туркийн хамтын ажиллагаа, хөтөлбөр зохицуулах агентлаг /ТИКА/-аас гаргахаар болсон ба саяхнаас засварын ажил эхэлжээ.

Аймгийн боловсролын газраас өгсөн мэдээгээр 175 хүүхдийн цэцэрлэгийн их засварын ажил 9 дүгээр сарын 1-н хүртэл бүрэн дуусах бөгөөд шинэ хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхлэх аж. 

Ө.Нурболат
相关新闻