Дэлхийн эд баялгийн хэдэн хувийг офшорт нуусан байдаг вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-08-02 11:09:29
ЛОНДОН./BBC/. Та татвар бага төлмөөр байна уу? Тэгвэл танд тусгай схем хэрэг болно. Та Америкийн иргэн байлаа гэж бодъе. Та компаниа Бермудын аралд бүртгүүлээд түүндээ оюуны өмчөө зарна. Дараа нь тус компани Ирландад охин компаниа нээнэ.

Дараа нь та Ирландад дахиад нэг компаниа байгуулан бүртгүүлнэ. Тэр компани нь таны Европт явуулсан үйл ажиллагаанаас олсон ашигтай чинь тэнцэх хэмжээний дүнтэй нэхэмжлэлийг гарган тавина. Ингээд та дахиад нэг компанийг Голландад байгуулан бүртгүүлнэ.

Дараа нь таны Ирландын хоёрдахь компани чинь таны Голландын компани руу  мөнгө шилжүүлнэ, тус компани эргүүлээд уг мөнгийг таны Ирландын анхны компани руу чинь шилжүүлнэ. Яагаав, нөгөө Бермудын аралд толгой офис нь байдаг компани руу.

За ямар байна, танд энэ бүхэн ойлгомжгүй ээдрээтэй санагдаж байна уу? Хэрвээ тийм бол чухам үүнд л хамаг учир нь оршиж байгаа юм.

Татвараас зугтаах цоорхой гаргахын тулд эдгээр бүх санхүүгийн урсгалыг ойлгоход маш хэцүү эсвэл тодорхой фактыг илрүүлэх ерөөсөө боломжгүй байлгах явдал байдаг. Жирийн хүний толгой өвдөж эхэлдэг эдгээр бүх санхүүгийн ов заль нь Google, eBay, Ikea зэрэг үндэстэн дамжсан корпорацуудад өөрийн татвараа хамгийн бага болтол, гэхдээ гол нь хууль огтхон ч зөрчихгүйгээр багасгах боломжийг олгодог байна.

Өнөөдөр татварын орогнолыг төлөх татвараа хамгийн бага байлгах мөн татвар төлөхөөс зайлсхийх гэсэн тов тодорхой хоёр шалтгааны улмаас хийх болжээ. 

Эдийн засагч Габриэль Цукман ухаалаг аргаар дээрхэд дүн шинжилгээ хийсний дүнд нийт дэлхийн эд баялгийн хамгийн багаар бодоход 8 хувь нь хууль бусаар офшор дансанд байрладаг гэсэн таамгийг дэвшүүлжээ. Өөр бусад үнэлгээний аргуудаар хийсэн дүн үүнээс ч дээгүүр гарч байгаа аж.

Энэ асуудал хөгжиж буй улс орнуудад онцгой их тулгамдсан асуудал болоод байгаа ба тухайлбал, Африкийн эд баялгийн 30 хувь нь офшор дансанд байрладаг болохыг Г.Цукман илрүүлжээ. Түүний тооцоолсноор, энэхүү факт нь жил бүр 14 тэрбум долларын хэмжээтэй татварыг Африкийн орнууд алдаж байна гэсэн үг юм.

Энэ асуудлын шийдлийг Г.Цукман офшор дансыг ил тод болгох явдал гэж үзэж байгаа юм. Банкны нууц данс, фиктив корпорац, трастуудын нэр хаяггүй байдаг явдлыг эцэс болгохын тулд хэн ямар хөрөнгө эзэмшиж байгааг тодорхой заасан дэлхий нийтийн өгөгдлийн санг байгуулах хэрэгтэй аж.

Ингэснээр, татвар төлөхөөс зайлсхийхэд туслаж чадах юм. Харин татвар оногдуулалтаас зайлсхийх, татвар оногдуулалтын хэмжээг бууруулах асуудал бол үүнээс хавьгүй нарийн, хэцүү асуудал юм.
Яагаад гэдгийг нь ойлгохын тулд дараахь жишээ авья. Би Бельгид талх нарийн боовны, Данид сүүний үйлдвэр, харин Словенид цайны газар ажиллуулдаг.
Би бяслагтай талх зарж 1 еврогийн ашиг олдог. Тэгэхээр энэ бяслагтай талхыг зарсан Словенид хэдий хэмжээний татвар, бяслаг үйлдвэрлэсэн Данид хэдийг, эсвэл талхаа барьсан Бельгид хэдийг төлөх ёстой вэ?
Үүнд тодорхой хариулт байхгүй нь тодорхой юм.

Бас нэг тодорхой жишээ татья. Тринидад улсын нэг компани өөрийн охин компанидаа тосон балан үзгийг ширхэг тус бүрийг нь 8500 доллароор зардаг гэж бүртгүүлээд татварын хэмжээ бага байдаг Тринидад улсад олсон ашгаа их гаргаж, харин татвар өндөртэй улс орнуудын ашгаа хавьгүй бага болгодог ажээ.
Иймэрхүү ов зальны ихэнх нь бараг мэдэгддэггүй, тиймээс л тэдгээрийг олоход хэцүү байдаг байна.

Гэсэн хэдий ч Г.Цукман Америкийн компаниудын орлогын 55 хувь нь Люксембург эсвэл Бермуд зэрэг улсуудаар дамждаг нь жил бүр 130 тэрбум долларын татварын алдагдал учруулдаг гэж үзжээ. 
О.Барс 
相关新闻