Энэтхэг, Канад улсууд худалдааны хэлэлцээгээ сэргээхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-24 12:07:33

ЙОХАННЕСБУРГ, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /Reuters/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Канадын Ерөнхий сайд Марк Карни нар хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Энэ нь хоёр талын харилцаа сайжирч байгааг харуулсан ээлжит нэгэн дохио болж байна. 


Н.Моди, М.Карни нар Өмнөд Африкт болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсаныхаа дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар, удирдагчид “өндөр амбицтай цогц эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар хэлэлцээг эхлүүлэхээр” шийдвэрлэжээ. М.Карни мөн Энэтхэгт ирэх оны эхээр айлчилна уу гэсэн Н.Модигийн урилгыг хүлээн авсан байна.  


2030 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 50 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан гэж Энэтхэгийн Засгийн газар мэдэгджээ. Канадын албан ёсны статистик мэдээллээр, хоёр улс өнгөрсөн онд 31 тэрбум орчим канад долларын /22 тэрбум ам.доллар/ бараа, үйлчилгээ солилцсон байна.


Канад, Энэтхэг улсууд өмнө нь худалдааны хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байсан боловч Ванкуверт сикх идэвхтнийг хөнөөсөн хэргийг Энэтхэгийн Засгийн газар зохион байгуулсан гэсэн нотлох баримт байгаа гэж 2023 онд тухайн үеийн Ерөнхий сайд Жастин Трюдо болон бусад албан тушаалтан мэдэгдсэний дараа дипломат харилцаа тасарчээ. Канадын цагдаа нар уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, шүүх хурал үргэлжилж байна.


Канадын тал сикх салан тусгаарлагч бүлгүүдийн эсрэг хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж Энэтхэгийн албан тушаалтнууд удаан хугацааны турш буруутгасаар иржээ. Харин энэ оны гуравдугаар сард Ж.Трюдогийн халааг авсан М.Карни Энэтхэгтэй харилцаагаа сэргээхийг эрмэлзэж байна. Хоёр орны Засгийн газар энэ зун элчин сайдуудаа харилцан томилсон билээ.


Н.Модитой уулзахаасаа өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгсөн М.Карни хэлэхдээ “дэлхийн хамгийн том, хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгуудын нэг”-тэй худалдааны харилцаагаа сайжруулахын чухлыг онцолсон байна. Хоёр улсын хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлын агентлагууд мөн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байгааг тэрбээр хэлжээ.


Экспортын барааныхаа дийлэнх хэсгийг АНУ-д нийлүүлдэг Канад улс Вашингтоны протекционист бодлогоос үүдэн зах зээлээ төрөлжүүлэхийг эрмэлзэж байна. 2035 он гэхэд АНУ-аас өөр улсууд руу чиглэсэн экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх амбицтай зорилтыг М.Карни дэвшүүлжээ.

 


相关新闻