Сэлэнгэ аймгийн нийт нутгийн 20 орчим хувь гантай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-08-01 14:37:45
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Орхонтуул сумдын нутгаар гантай байгаагаас мал тарга тэвээрэг авах боломж муу байна.
Энэ жилийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад Сэлэнгэ аймагт зуншлага сайхан байгаа хэдий ч аймгийн нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь гантай байгаа юм. Эдгээр гантай газруудад тус аймгийн Мандал, Баянгол, Орхонтуул сумдын нутаг дэвсгэр хамрагдаж байгаа бөгөөд аймгийн хэмжээний нийт нутгийн 20 орчим хувийг эзэлж байгаа ажээ. Гантай байгаа эдгээр сумдын нутагт ургамлын ургалт муу, өсөлт хөгжилт нь бүрэн явагдалгүй,  ургамал  шарлаж байгаагаас мал тарга тэвээрэг авах боломж муу байгаа гэнэ. Харин Сэлэнгэ  аймгийн  нутгийн  50 орчим хувь буюу 10 суманд зуншлага хэвийн үргэлжилж байгаа юм. Харин Сант, Баруунбүрэн, Орхон, Сайхан  сумдын нутгаар гандуу байгаа бөгөөд энэ нь нийт нутгийн 30 гаруй  хувийг эзэлж байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻