Иракийн ЭСЯ-ны гадна амиа золиослогч халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-07-31 16:14:21
КАБУЛ. /Reuters/. Нийслэл Кабул хот дахь Иракийн ЭСЯ-ны байрны гадна амиа золиослогч этгээд өнөөдөр халдлага үйлдсэн гэж Афганистаны цагдаа нар мэдэгдлээ.

Тус хотын төвийн Шар-и-Нав дүүрэгт хэд хэдэн удаа дэлбэрэлт болсны дараа буун дуу сонсогджээ.

Энэ халдлагыг “Лалын улс” бүлэглэл үйлдсэн байна. Кабул хотод энэ онд олон хүний аминд хүрсэн халдлага нэг бус удаа болсон юм. Халдлагуудыг гол төлөв “Лалын улс” болон “Талибан” бүлэглэл үйлджээ.

Сүүлд болсон халдлагын үеэр хүмүүс амь үрэгдсэн болон шархадсан эсэх нь тодорхойгүй байна.

НҮБ-ын мэдэгдсэнээр, энэ оны эхний хагаст Афганистанд наад зах нь 1662 энгийн номхон иргэн амь үрэгдсэн байна. Тэдний 20 орчим хувь нь нийслэл Кабул хотод амиа алджээ.
 
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт л гэхэд Кабулын шиитүүд голдуу амьдардаг дүүрэгт амиа золиослогч этгээд автомашин дэлбэлсний улмаас 30 хүн амиа алдсан юм.

Мөн энэ оны тавдугаар сарын 31-нд тус хотын төвд болсон томоохон дэлбэрэлтэд өртөн 150 гаруй хүн амь үрэгдсэн билээ. Энэ нь АНУ тэргүүтэй эвслийн хүчнийхэн 2001 онд талибуудыг засгийн эрхнээс түлхэн унагааснаас хойш болсон хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага байв.
 
Г.Доржханд

 

相关新闻