Филиппиний гоо бүсгүй “Miss Grand International” тэмцээнд түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-10-20 11:50:49

БАНГКОК, 2025 оны аравдугаар сарын 20 /Inquirer/. Тайландын нийслэл Бангкок хотноо болсон “Miss Grand International-2025” тэмцээнд Филиппиний гоо бүсгүй Эмма Тиглао түрүүлжээ.


Өмнөх тэмцээний ялагч, нутаг нэгт Кристин Жулиан Опиаза түүнд титмийг нь зүүж өгснөөр Филиппиний гоо бүсгүйчүүд түүхэнд анх удаа тус тэмцээнд жил дараалан тэргүүн байр эзэллээ.  


Өдгөө 30 настай телевизийн хөтлөгч Э.Тиглао бусад 76 өрсөлдөгчөөс шалгарч тэргүүн байр эзэлсэн бол түүнтэй нэг өрөөнд байсан Тайландын гоо бүсгүй Сарунрат Пуагпипат дэд байр эзэлжээ. Энэ удаад 13 жилийн түүхтэй тэмцээнд хамгийн олон эмэгтэй оролцлоо. 


Э.Тиглао цахим санал асуулгаар тодруулдаг Country’s Power of the Year” төрөлд тэргүүлснээр шилдэг 22 оролцогчийн нэг болжээ. Ингэснээр Филиппиний мисс тэмцээний түүхэнд уг төрөлд анх удаа түрүүлсэн байна. Дараа нь тэрбээр шилдэг 10 оролцогчийг шалгаруулахын шатанд илтгэл тавьж, мөн шилдэг тавыг тодруулах асуулт хариултын шатанд Филиппин дэх авлигын асуудлыг дурдаж, гэмт этгээдүүдийг торны цаана суулгаж, хариуцлага тооцох ёстой гэсэн байна.


“Иймэрхүү үйл явдлын талаар мэдээлдэг хүний ​​хувьд би тэнцвэрийн хүчийг ашиглахыг үнэхээр их хүсэж байна. Залилуулахгүй байхын тулд хүмүүс бид боловсролтой, ухамсартай байх хэрэгтэй, мөн гэмт этгээдүүдийг торны цаана суулгаж, хариуцлага хүлээлгэхийн тулд засгийн газраас шударга ёсны тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Хэзээ нэгэн цагт бид амар амгалан ертөнцөд амьдарна гэдэгт найдаж байна” гэж тэрбээр хэлжээ.


Энэ удаагийн тэмцээний шагналт байруудад Испанийн гоо бүсгүй Айтана Хименес гуравдугаар байр, Ганагийн гоо бүсгүй Фаит Портер дөрөвдүгээр байр, Гватемалын гоо бүсгүй Нариман Баттиха тавдугаар байрт тус тус шалгарчээ. Дараагийн “Miss Grand International” тэмцээн ирэх оны аравдугаар сард Энэтхэгт болно гэдгийг 2025 оны тэмцээний эцсийн шатны шалгаруулалтын үеэр зарласан байна. 

 


相关新闻