Эхний 7 сарын байдлаар гол мөрний усанд 11 хүн осолдож, амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-31 14:51:16
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сант сум Ивэн багийн нутаг Орхон голын Орхоны гүүр гэдэг газарт Улаанбаатар хотын иргэн Б 17 настай, эрэгтэй усанд живсэн тухай дуудлага энэ сарын 27-ны өдрийн 16:25 цагт  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 61-р ангид ирсэн байна.
Тус ангийн а/д Б.Болдбаатараар ахлуулсан 7 алба хаагч нэг автомашинтай, Эрэн хайх аврах ангийн хоёр алба хаагч нэг автомашинтайгаар эрлийн ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 28-ны өглөөний 05:50 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг гурав орчим метрийн гүнээс олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Иймд иргэд, олон нийтийг аялал зугаалгаар явах үедээ өөрийн сайн мэдэхгүй гол, мөрөн, нуурын усанд орохгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Оны эхний долоон сарын байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд гол мөрний усанд осолдсон 8 удаагийн тохиолдоор 11 хүн нас барж, нэг иргэний амь насыг авран хамгаалсан байна. Тус аймгийн Орхон гол, Сэлэнгэ мөрөнд осолдож амь насаа алдсан иргэд нь Улаанбаатар хот болон бусад аймаг сумдаас амарч зугаалж явсан иргэд байгаа нь тухайн орон нутгаар урсан өнгөрч буй гол, мөрний гүний хэмжээг мэдэхгүй, усанд орж болохгүй тухай анхааруулсан самбар, тэмдэглэгээг тоогоогүй, замдаа болон голын эрэг дагуу архидан согтуурсан байдалтай үедээ усанд орсон зэргээс үүдэлтэй байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻