Техаст автомашины чиргүүл дотроос 9 цагаачийн цогцсыг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-24 10:38:52
ТЕХАС. /BBC/. Техас мужийн Сан-Антонио хотын өмнөд дүүрэг дэх Wallmart дэлгүүрийн өмнөх зогсоол дээр байсан чиргүүлтэй машин дотор 9 цагаач хүн нас барсан байсныг илрүүлсэн тухай албаны хүн ням гарагт мэдэгдлээ.

Аюулаас хамгаалах албаныхны мэдээлснээр, дахин нэг хүн нас барснаар дээрх тоо 9 болсон бөгөөд эдгээр нас барсан хүмүүс нь бүгд насанд хүрсэн эрэгтэйчүүд байжээ. Хэд хэдэн хүний биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Зарим хэвлэлүүд өмнө нь "хоёр хүн нас барсан" гэж мэдээлж байсан боловч аюулаас хамгаалах албаныхан үүнийг "эмнэлгийн ажилтнууд ташаа мэдээлэл өгснөөс болсон" гэж мэдэгдсэн байна. Ням гарагийн өглөө эрт Wallmart-ийн зогсоол дээр чиргүүлтэй машин дотор 8 хүн нас барсан байхыг олсон байна. Үүнээс гадна 30 орчим хүн мөн уг машин дотор байсан бөгөөд тэднийг эмнэлэгт яаралтай хүргэжээ. Эдгээр хүмүүс аль улсаас ирсэн, хэдэн настай болохыг хараахан тогтоогоогүй байна.

Сан-Антонио бол Мексикийн хилд ойрхон оршдог АНУ-ын хот юм. Хилийн албаныхны мэдээлснээр, сүүлийн долоо хоногуудад чиргүүлтэй машин дотор хүмүүсийг ачин хил нэвтрүүлэх оролдлогууд олонтоо гарах болсон байна. Тус хот дахь улс дамнасан гүүрний ойролцоо 6 дугаар сарын 19-нд цагдаа нар 18 машиныг зогсоон шалгаж, дотор нь Мексик болон Гватемалын иргэн 44 хүн байсныг илрүүлсэн байна.

7 дугаар сарын 7-нд тус хотын нэгэн дүүрэгт Мексик, Эквадор, Гватемал, Эль-Сальвадор зэрэг улсын 72 хүн машины чиргүүл дотор нуугдсан байсан бол дараа өдөр нь Хилийн албаныхан Мексик, Гватемалын иргэн 33 хүнийг ачсан машиныг илрүүлжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт чиргүүлтэй машин дотор нуугдсан 16 хүнийг илрүүлсэн байна:
 
Х.Сарнай 

 

 
 

相关新闻