“Цэргийн бэлтгэл” сургалт Сэлэнгэ аймагт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-22 16:02:37
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайдын аймгуудын Засаг дарга нартай 2017 онд байгуулсан гэрээний дагуу Төвийн бүсийн аймгуудын сумдын ЗДТГ-ын дарга нарыг хамруулсан “Цэргийн бэлтгэл” сургалт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Гүн нуур” зусланд энэ сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Сумдын ЗДТГ нь батлан хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх гол үндсэн нэгж байдаг байна. Иймээс хуульд заасны дагуу ЗДТГ-ын дарга нартайгаа хоёр жил тутам шинэ мэдлэг мэдээлэл өгч, эрх зүйн орчны шинэчлэлийн эрин үед үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг нь хангах чиглэлээр энэхүү сургалтын явуулдаг ажээ. Энэ удаагийн “Цэргийн бэлтгэл” сургалтанд Сэлэнгэ, Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн сумдын ЗДТГ-ын дарга нар, аймгийн Цэргийн штабын бүрэлдэхүүн зэрэг 160 гаруй хүн оролцлоо. Тус сургалтыг удирдагч, Батлах хамгаалах яамны мэргэжилтэн, дэд хурандаа С.Ванчинхүү:”Энэхүү сургалт нь 2006 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдаж эхэлсэн. Өмнө нь 2013 онд Орхон, 2015 онд Хөвсгөл аймгуудад зохион байгуулагдсан байгаа. Энэ удаагийн сургалт 2016 онд УИХ, орон нутгийн сонгуулийн дүнд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, орон нутгийн удирдлагууд тодорхой хэмжээгээр шинэчлэгдсэн. Нөгөө талаар 2015 онд батлах хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдан гарч, 2016 онд тухайн батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийн үзэл санаанд нийцүүлэн батлах хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэн батлагдсаны дараагаар болж буйгаараа онцлогтой болж байна. Дайчилгааны тухай хуульд зааснаар сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нартай хоёр жилд нэг удаа хуулиар тогтоосон хугацааны дагуу энэхүү сургалтыг явуулдаг учиртай. Иймээс бид энэ хугацаандаа сургалтанд хамрагдаж байгаа бүрэлдэхүүндээ шинэ мэдээлэл, мэдлэг өгөх, батлан хамгаалах бодлого, батлан хамгаалахын багц хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр сум орон нутгийн удирдлагуудын зүгээс ямар ажил арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэл өгч байна. Нөгөө талаас бүсийн аймгуудын сумдын ЗДТГ-ын дарга нарын бүрэлдэхүүнийг хооронд нь уулзуулж, учруулах, ажил ололтоо харилцан ярилцах, бие биенээсээ туршлага судлах, мөн Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газартай танилцах зэрэг ийм ач холбогдолтой сургалт явагдаж байна” хэмээн ярилаа.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайдын аймгуудын Засаг дарга нартай 2017 онд байгуулсан гэрээний дагуу Баруун болон Төвийн бүсийн аймгуудын сумын Засаг дарга нартай явуулсан “Цэргийн бэлтгэл” сургалтанд амжилттай оролцсон зарим хүмүүсийг батлан хамгаалахын шагнал болон цэргийн цолоор шагналаа. Сургалтыг Батлан хамгаалах яам, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб хамтран зохион байгууллаа.
    Ч.Отгонцэцэг
相关新闻