Монгол дагуурын дархан цаазат газрыг “Дэлхийн өв”-өөр бүртгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нутаг дахь Монгол дагуурын дархан цаазат газрыг “Дэлхийн өв”-өөр бүртгэлээ. Энэ сарын 2-ноос 12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Польш Улсын Краков хотноо ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр ээлжит чуулган болсон юм. Тус чуулганд 118 улсын төлөөлөгчид оролцож, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтын долоон байгалийн өв, нэг холимог, 27 соёлын өвийг хэлэлцсэнээс 21-ийг шинээр батлан бүртгэсэн байна. Монгол Улсаас ОХУ-тай хамтран нэр дэвшүүлсэн Дагуурын ландшафтыг ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн өвөөр бүртгэжээ.
Гишүүн орнууд уг өвийн хувьд хил дамнасан менежмент, бөхөн гөрөөсийн нүүдэл, уул уурхайн асуудал зэрэг нь чухал төдийгүй хил дамнасан өв гэдэг утгаараа бусад орнуудад үлгэр жишээ болох чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон байна.
1992 онд Дагуурын дархан цаазат газрыг Дагуурын амьтан, ургамлын төрөл зүйлс тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор байгуулсан байдаг. Уг дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт "Даурский” дархан газар оршдог. Нүүдлийн шувуудыг хамгаалах зорилгоор 1997 онд Орос, Хятад, Монголын хамтарсан дархан цаазат газрыг байгуулжээ.
Тус газар нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дахь "A”, Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар сумын заагт орших "Б” гэсэн 2 хэсгээс тогтдог. 1992 онд улсын Улсын бага хурлын 11 дүгээр тогтоолоор анх дархалсан. 1995 онд УИХ-ын 26-р тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Амьтан, ургамал, газарзүйн өвөрмөц шинжийг агуулсан бөгөөд 108,154 га талбай бүхий нутаг юм.
Д.Дэлгэрмаа