Түймэр гарах эрсдэлтэй Зэрэг суманд гал унтраах анги байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-20 10:10:02
Ховд/МОНЦАМЭ/Монгол Улсын Засгийн газрын энэ оны 07-р сарын 04- ний өдрийн хуралдаанаар хүн амын суурьшил ихтэй, ой хээрийн болон обьектын түймэр гарах эрсдэл өндөртэй зарим газарт Гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулахаар шийдвэрлэсний нэг нь Ховд аймгийн Зэрэг сум юм.
Дөрөвдүгээр зэрэглэлийн  Гал түймэр унтраах, аврах анги нь 47 албан хаагчтай байх стандарттай хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан дээрх ангиудыг 39 алба хаагчтай байхаар тогтоосон байна.
Ховд аймгийн Зэрэг сум нь далайн түвшнээс дээш 1050 м өргөгдсөн Алтайн уулархаг мужийн Монгол Алтайн бүсэд, Их нууруудын хотгорын говийн бүсэд хамаарагддаг. Уул нурууд говь тал хосолсон нутаг юм. Мөст, Цэцэг, Манхан, Дарви, Чандмань сумуудтай хиллэдэг. Баруун талаараа Баатархайрхан, зүүн талаараа Бумбатхайрхан уулаар хүрээлэгдсэн. Нутгийн шүтээн Баатархайрханы ноён оргил Цаст хайрхан нь далайн түвшнээс дээш 4010 м-ийн өндөрт өргөгдсөн байдаг. Улаанбаатар хотоос 1284 км, Ховд аймгийн төвөөс 141 км зайтай оршдог.
Газар нутгийн хувьд: Алтан тээлийн хөндийн ихэнх хөрс нь давсархаг борзон ихтэй учраас газар тариалан эрхлэхэд төдийлөн зохимжтой биш. гэвч Цагаан бургасан, Сайрын ам зэрэг газарт эртнээс  тариалан эрхэлж ирсэн уламжлалтай. Энэ нутагт уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой. Нийт  252.383 га нутаг дэвсгэртэй. Түүний 98 хувийг ХАА-н эдэлбэр газар, 0.01 хувийг ой мод, 0.004 хувийг усан сан бүхий газар эзэлдэг. Нийтдээ 10 нуур, 20 гол горхи, 416 булаг, шанд гадаргын усны нөөцийг бүрдүүлдэг. Гүн өрмийн 20 худаг, 112 гар худаг буюу нийт 132 худаг ашиглагдаж байна.
Цаг уурын нөхцлийн хувьд Эрс тэс уур амьсгалтай, өвлийн уриралд дундаж температур -25.3, хамгийн хүйтэн өдөр -36.7 хэм хүйтэрч, зундаа дундаж температур 22.7 хэм, хамгийн дулаан өдөр 36.6 хэм хүрч халдаг. Салхины дундаж хурд 14м/с, хамгийн хүчтэй салхитай шуургатай үед секунтэнд 55м/с хүрдэг.
А.Бямбасүрэн
.
相关新闻