Нийгмийн даатгалын сангийн орлого 167.3 тэрбум төгрөгөөр өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-18 11:45:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статитсикийн хорооны Шинжилгээ судалгаа, түүврийн албаны статистикч Ю.Батзоригт өнөөдөр Монгол Улсын 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийгмийн салбарт гарсан голлох өөрчлөлтүүдийг танилцууллаа.

Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 35.3 мянган эх амаржиж, 35.5 мянган хүүхэд төрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3.4  мянга, төрсөн хүүхэд 3.3 мянгаар буурсан үзүүлэлт юм.

Мөн улсын хэмжээнд ажил хайж буй 40.4 мянган бүртгэлтэй байгаа юм. Үүнээс 29.1 мянга нь ажилгүй иргэд байгаа бол 11.3 мянга нь ажилтай боловч өөр байгууллагад шилжихээр бүртгүүлжээ.Энэ нь бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.7 мянган хүнээр буурсан үзүүлэлт аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.7 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа юм. Ажилгүй иргэдийн 45.3 хувь нь бүрэн дунд, 29.9 хувь дээд, 7 хув нь мэргэжлийн боловсролтой байгаа юм.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний хагас жилд 1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 167.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд Тэтгэврийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого голлон нөлөөлжээ. Мөн Нийгмийн даатгалын сангийн зарлага 918.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 115.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ оны эхний 5 сард 18 хүртэлх насны 622.1 мянган хүүхдэд 75.9 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ.

Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2017 оны эхний хагас жилд 528, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 625 бүртгэгдсэн байна. Энэ нь нялхсын эндэгдэл 282,  тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 328 буюу 34.4 хувиар буурсан үзүүлэлт.

Улаанбаатар хотод энэ оны 6 дугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдол нийт 238 болсон байна.

Улсын хэмжээнд 2017 оны эхний хагас жилд 13 мянган гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх ны мөн үеэс 2000 буюу 13.3 хувиар буурчээ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1435, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 473, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 105 тохиолдлоор буурсан нь голлон нөлөөлөв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2017 оны эхний хагас жилд 230.1 тэрбум төгрөг болсон бөгөөд үүнээс 62.6 тэрбумыг нь нөхөн төлүүлжээ.

Ч.Ариунболд
相关新闻