Барилгын хуурай хольцийн үйлдвэрт шуурсан элсийг ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-18 09:28:00
Дундговь/МОНЦАМЭ/ Импортоор авдаг барилгын материалыг эх орныхоо түүхий эдийг ашиглан үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа билээ. Тэдгээрийн нэг болж Мандалговь хотод барилгын хуурай хольцийн үйлдвэр үүдээ нээсэн юм. Энэ бол 2020 он хүртэл 21 үйлдвэртэй болох зорилтын эхнийх нь гэж аймгийн Засаг дарга О. Бат-Эрдэнэ онцлов.
Үйлдвэрийг “Галтай зэт” ХХК нээсэн юм. Хар замаска, плита, хөөсөнцөрийн цавуу, дүүргэлтийн хөнгөн блок үйлдвэрлэнэ. Өдөрт бүтээгдэхүүн тус бүрээс 10 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай, зах зээлийн үнээс хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой. Түүнчлэн орон нутагт шинээр 8 ажлын байр бий болгож байгаагаас гадна гол нэг дурьдах зүйл нь шуурсан элсийг үйлдвэрлэлд ашиглаж болохыг тус компани онцолж байна. Өөрөөр хэлбэл, говийнхонд тулгарч байгаа байгаль цаг уурын хүчин зүйлийн нөлөө болох шуурсан элсийг өртөг нэмсэн бүтээгдэхүүн болгоно. Энэ нь шинэ үйлдвэрийг дагаж үүсэх таатай нөхцөл болохоор байна.

Т. Отгонтуяа
相关新闻