Р.Нямдоржийг огцрох шаардлага хүргүүлж, тайван жагслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-07-06 14:39:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Бөхийн өргөөний арын талбайд Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгч гишүүд болон цэцдийн зөвлөлийн төлөөлөл гэж байгаа нөхөд тайван жагсаал цуглаан зохион байгуулав. 

Энэ тайван жагсаалд оролцогчид "Монгол бөхөд шинэчлэл хэрэгтэй”, “Улсын Дээд Шүүхийн тогтоолыг биелүүл”, “Р.Нямдорж огцор”, “Монгол бөхчүүдийг халх дөрвөдөөр нь хагалан талцуулж буй бусармаг үйлдлээ зогсоо”, “МҮБХ-ны тэргүүн ажлаа нэн даруй өг”, “Улсын дээд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэсэн Р.Нямдорж огцор”, зэрэг шаардлага бүхий лоозон барьж жагсчээ.

Учир нь Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг энэ оны тавдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, МҮБХ-ны тэргүүнээр “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилсон. Харин МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж одоог хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй бөгөөд Улсын Дээд Шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхээс татгалзаж, тамга тэмдэгээ өгөхгүй байгаа тул мэдэгдэл шаардлагыг хүргүүлэхээр тайван жагсаал цуглаан зохион байгуулжээ.

МҮБХ-ын цэцдийн зөвлөлөөс мэдэгдэл гаргаж  Р.Нямдоржид энэ сарын 10-ны дотор ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд Р.Нямдоржийг ажлаа нэн даруй хүлээлгэн өгөхийг дахин шаардаж, бөхчүүдийг эв нэгдлээ эрхэмлэж, элдэв хууль бус хурал зөвлөлгөөнд оролцохгүй байхыг уриалжээ. Мөн Р.Нямдоржийг ажлаа хүлээлгэн өгөхгүй бол шийдвэртэй арга хэмжээ авна гэдгээ дурдсан байна. Тэднийг шаардлага хүргүүлэхээр очиход Р.Нямдорж байгаагүй аж.

Д.Өлзий
相关新闻